Байгууллагууд чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-29 14:49:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төрийн есөн байгууллага үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлж, гэрчилгээ гардан авлаа.  

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачилгаар 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” хэрэгжүүлж буй.

Үүнтэй холбогдуулан “Стандарттай Ховд” хөтөлбөр боловсруулсан байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн есөн байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ сарын 28-ны өдөр гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авчээ.

Тус стандартыг нэвтрүүлэхийн тулд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хөгжил политехник коллеж, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын албан хаагчдад сургалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг гурван сарын хугацаанд үзүүлсэн байна.

Харин стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаад “Монсертф” ХХК хянан баталгаажуулалт хийжээ.

Ийнхүү гурван жилийн хугацаатай баталгаажилтын гэрчилгээ гардан авсан байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах бөгөөд холбогдох байгууллагаас жил бүр хяналт тавих аж.

Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тус стандартыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байна. Ингэснээр цаашид аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж өргөжинө гэж албаныхан онцлон хэллээ. 

Холбоотой мэдээ