“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-28 16:16:54

МОСКВА. /TASS/. “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг 11 дүгээр сарын 21-22-нд онлайн хэлбэрээр зохион байгуулна гэж тус бүлгийн цахим хуудсанд мэдээлжээ.


“Удахгүй болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүмүүсийн аж амьдралыг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг сэргээх асуудалд гол анхаарлаа хандуулна. Үүний тулд цар тахлын үеэр илэрсэн эмзэг байдлыг судалж, гэрэлт ирээдүйн үндэс суурийг тавих болно" гэж мэдээлэлд дурдсан байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд даргалан явуулна.


Мэдэгдэлд мөн “Их 20”-ийн бүлгийн орнуудын цар тахалтай хийж буй тэмцэлд гүйцэтгэсэн үүргийг онцолсон байна. Тус бүлгийн орнууд вакцин үйлдвэрлэх, түгээх, хүн амын эмчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс гадна дэлхийн эдийн засгийг дэмжих зорилгоор 11 их наяд ам.доллар хуваарилсныг мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Дээд хэмжээний уулзалтын үеэр коронавирустэй холбоотой асуудлуудаас гадна, инноваци зэрэг бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.


Холбоотой мэдээ