Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-20 10:20:29

ТАЙПЕЙ. /NHK/. Тайванийн Ардчилсан дэвшилт намын дарга Цай Инвэнь өнөөдөр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авах гэж байна.

Тэрбээр Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. Өнөөдөр болох тангараг өргөх ёслолын дараа тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар үг хэлж, бодлого зорилтоо танилцуулна.

БНХАУ-аас хараат бус байх бодлогыг дэмждэг түүний удирдсан Ардчилсан дэвшилт нам сүүлийн найман жилийн хугацаанд анх удаагаа Засгийн газрыг тэргүүлэхээр болж байна.

БНХАУ-ын төв Засгийн газраас ирэх дарамт шахалт нэмэгдсээр байгаа хэдий ч Цай Инвэнь үг хэлэхдээ “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжих тухайд дурдахгүй байх гэж шинжээчид үзэж байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Тайванийн эрх ашгийг хамгаалж, ардчиллыг дэмжинэ гэдгээ амлажээ. Цай Инвэнь Бээжинг өдөөн хатгасан  үг хэллэг  хэрэглэхээс зайлсхийж, Бээжин-Тайванийн харилцааг тогтвортой байлгана гэдгээ илэрхийлэх төлөвтэй байна. 

Гэхдээ түүний хэлэх үгний агуулгаас хамаарч Бээжингийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлж магадгүй юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ