“Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийн ач холбогдол

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
zayaa3233@gmail.com
2020-09-22 12:56:25

НҮБ. /ECNS/. НҮБ-ын 75 жилийн ойн хурлаар “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг” гэсэн ойлголтод гол анхаарлаа хандуулан түүнтэй холбоотой хэлэлцүүлгийг өрнүүлнэ.


БНХАУ-ын дарга Си Жиньпин долоон жилийн өмнө Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд илтгэл тавих үеэрээ дээрх үзэл санааг дэвшүүлж, нэгэн зорилготой хамтын нийгэмлэг байгуулахад хүн бүрийг хүчин чармайлт гарган, хувь нэмрээ оруулахыг уриалжээ.


Ийнхүү долоон жилийн дараа дэлхий даяар коронавирусний халдвар тархснаар тус нийгэмлэгийг яаралтай байгуулах зайлшгүй шаардлагатайг батлан харууллаа.


Уг ойлголтоор дамжуулан цар тахлыг хэрхэн даван туулах вэ?


"Ковид 19"-ийн тархалт нь хүн төрөлхтөнийг дэлхийн дахиныг хамарсан аймшигт халдварт өвчинтэй тэмцэх ширүүн дайнд татан оруулсан. Энэхүү хүнд хэцүү цаг үеүдэд хүмүүс бие биендээ туслах, харж хандах зэргээр “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийг байгуулах эхлэлийг тавьсан байна.


БНХАУ-ыг уг халдвартай тэмцэж байх хүнд хэцүү үед дэлхийн 170 гаруй улс орон, 40 гаруй олон улсын болон бүс нутгийн байгууллагууд энэрэнгүй сэтгэлээр дэмжлэг үзүүлжээ. Япон, БНСУ болон Пакистан яаралтай тусламжийн хэрэгсэл хандивласан бол зарим орны удирдагчид БНХАУ-д найрамдал, эв нэгдлээ бататгаж тусгай айлчлал хийжээ.


Үүний хариуд БНХАУ 150 орон, олон улсын дөрвөн байгууллагад цар тахлын үед хэрэглэх эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлсний зэрэгцээ 200 гаруй улс орон болон бүс нутагт ийм хэрэгсэл экспортолж, нийлүүлэх санал илгээсэн байна.


3-р сарын 15-наас 9-р сарын 6-ны хооронд БНХАУ "Ковид-19"-ийн тархалтыг зогсоох дэлхий нийтийн үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор 151.5 тэрбум маск, 1.4 тэрбум хамгаалалтын хувцас, 230 сая нүдний шил, 209 мянган агааржуулагч экспортолж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нийт хоёр удаа 50 сая доллар хандивлаж, эмнэлгийн шинжээчдийн 34 багыг 32 оронд илгээжээ.


БНХАУ-Европ хоорондын ачаа тээврийн галт тэрэгний үйлчилгээ бүхнийг холбох суваг болж, газрын тээвэрлэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ оны 8-р сарын байдлаар уг чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ маш өндөр хэвээр байгаа бөгөөд уг чиглэлээр энэ онд 1247 удаагийн тээвэрлэлтээр нийт 110 мянга чингэлэг бараа материал тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 62 болон 66 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн дүүрэн ачаатай чингэлгийн хэмжээ 98.5 хувьд хүрч, дээд амжилт тогтоожээ.


Үүнээс гадна цар тахлын үеэр дэлхийн улс орнуудын удирдагчдын хийсэн уулзалт, утасны дуудлага, мессэж зэргээс харахад “Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг” гэх ойлголтын хүч ямар ач холбогдолтой болох нь харагдаж байна.


БНХАУ-ын дарга Си Жиньпин 4-р сарын 12-нд Камбожийн Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхийлөгч болон ДЭМБ-ын тэргүүнтэй уулзалт, хэлэлцээ хийсэн байна. Тэрбээр ОХУ, АНУ, Их Британи, Франц, Герман, Итали тэргүүтэй 30 гаруй улс орон, олон улсын байгууллагын тэргүүн, дарга нартай 35-аас илүү удаа утсаар холбогдсон ажээ. Мөн БНСУ, Итали, Иран, Франц, Герман, Испани, Серби, Европын Холбоо зэрэг 10 гаруй улсын удирдагч, бүс нутгийн байгууллагын дарга нарт захидал илгээжээ.


БНХАУ коронавирусний дэгдэлттэй тэмцэж байсан хамгийн хүнд хэцүү үед 170 гаруй улс орны удирдагчид болон олон улс, бүс нутгийн 50 байгууллага, гадаадын улс төрийн 300 гаруй нам, байгууллага БНХАУ-ын удирдагчдад захидал илгээх, утсаар холбогдож, албан ёсны мэдэгдэл хийх зэргээр эв нэгдлээ бататгаж, дэмжлэг үзүүлж байв.


ДЭМБ, 20-ийн бүлэг, Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо (АСЕАН) болон бусад олон улсын байгууллагууд вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор хамтын ажиллагаатай болсон байна.


“Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэг” гэж юуг хэлж байна вэ?


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан олон улсын семинарын үеэр хэлсэн үгэндээ, "COVID-19-ийн цар тахал нь манай дэлхийд урт хугацаанд гарж буй өөрчлөлтүүдийн хажуугаар улам их дарамт болж байна. Энэ нь бидний амьдралд бүхий л талаараа нөлөөлж байгаатай холбоотойгоор бүх улс орон ирээдүйнхээ сайн сайхны төлөө  цаашдаа харилцан шүтэлцээтэй байх хэрэгтэйг сануулж байна" гэж хэлжээ. 


Энэхүү ойлголтыг яагаад дэмжих шаардлагатай вэ?


Дэлхийн хэмжээний эрүүл мэндийн хямралаас гадна бүс нутгийн зөрчил, терроризм, эдийн засгийн уналтаас үүссэн нийгмийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, тэнцвэргүй хөгжил зэрэг сорилтууд нь дэлхий ертөнцийг улам бүр төвөгтэй болгож байна.


Дэлхий ертөнц хаашаа чиглэж байна вэ? Хөгжлийн зам хаана байна вэ? Хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйн нийгэмлэгийн хэтийн төлөв гэрэл гэгээтэй харагдаж, дэлхийг өөрчлөх хүчтэй дуу хоолой болж байна.


Энэхүү нийгэмлэгийг бий болгохын тулд НҮБ чухал үүрэгтэй


2015 онд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хурлын үеэр БНХАУ-ын дарга энэхүү санааг анх албан ёсоор танилцуулснаар дэлхий дахиныг хамаржээ.

Холбоотой мэдээ