Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллалаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-09-19 12:21:45

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзаж, эхийн алдар одон гардуулан өглөө. 


Уулзалтын үеэр Завханы иргэд мал аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчдыг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна. Монгол өв соёл, түүх, ёс уламжлал гээгдсэнээс болоод өнөөдөр нийгэмд эмзэг асуудлууд гарч байна. Тиймээс монгол их өв соёлоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ялангуяа боловсролын салбарт шингээж өгч, монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байна.

Уул уурхайг хөгжүүлж, газраа ухаад бидэнд ямар ашиг ирсэн юм бэ. Монголын гуравхан сая хүнийг хангалттай тэжээх хөрөнгө ганцхан уурхайгаас гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл хэд хэдэн уурхайгаар зогсохгүй дахин дахин ухаад байгаа энэ уул уурхайн лицензүүдийг бүгдийг нь цуцалж өгнө үү. Алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад маш хүндрэлтэй байдаг. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ. Үүнийг боловсруулах ажиллах хүчнийг бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр малын арьс шир нь үнэгүй болохоос мах нь үнэтэй байгаа. Махыг гадаадад экспортлоход л үнэтэй байлгана гэхээс ард түмэндээ үнэтэй байна гэдэг буруу. Хөнгөлөлттэй эмийн оочир дараалал их байна. Ахмадуудад энэ нь хүнд байдаг. Тиймээс эмийн худалдаа, эмийн хөнгөлөлтийн асуудлыг иргэдэд дараагүйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна. Хөдөөд ажлын байр хомс байна. Төр засаг өөрчлөгдөх бүрдээ өмнөх ажлаа үгүйсгэдэг. Төрийн бодлогод залгамж халаа дутагдаж байна гэхчлэн олон асуудлуудыг ерөнхийлөгчид дуулгажээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

 

227 ээж эхийн алдар одонгоо ерөнхийлөгчөөс гардав

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга тус аймагт ажиллах үеэрээ Завхан аймгийн 227 ээжийн эхийн алдар одонг гардуулан өглөө.

Энэ жил тус аймгаас эхийн алдар нэгдүгээр зэргийн одонг 11, хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга эхийн алдар одон гардуулах үеэр: -“Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь байгалийн баялаг бус хүн. Тэр дундаа та бидний үйлсийг үргэлжлүүлэх, шинэ монголыг бүтээн байгуулах хүүхэд, багачууд юм. Иймдээ ч монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

“Эхийн алдар” одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, идэвх санаачилгатай ажилласан.

Цаашид ч хүн амаа өсгөх, хүүхдийг хамгаалах, эхчүүдээ дэмжих бодлогыг тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно. Өнөөдөр одонгоо гардаж авсан хамгаас нандин хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Завхан нутгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  дахин халуун талархал илэрхийлье” гэлээ. Ташрамд Завхан аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 6408 эх алдарт эхийн I, II дугаар одонтой байна. Эдгээр эхчүүд 833 сая 400 мянган төгрөгийн алдарт эхийн мөнгөн тусламжийг хүртжээ. 


Завхан аймгийн Яруу сумын иргэн, малчин О.Ариунжаргал:   Насан туршдаа мартагдахааргүй үйл явдал боллоо

-Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс эхийн алдар одонгоо гардаж авсандаа үнэхээр баяртай байгаа.

Малчин бид улсынхаа ерөнхийлөгчийг цэнхэр дэлгэцээр л харахаас биш. Тэр бүрий ойртож, уулзаж чадахгүй шүү дээ. Үнэхээр их баярлаж байна.

Алдарт эхийн одонгоо ерөнхийлөгчөөр зүүлгээд, гар барих сүрдмээр сайхан байсан. Нэг л тийм бахархмаар сайхан байлаа. Миний хувьд насан туршдаа мартахааргүй сайхан үйл явдал байлаа. 

Би 37 настай. Сүүлийн дөрвөн жил, дундаа нэг жил өнжиж, жил дараалан төрсөн. Одоо таван хүүтэй. Өнөөдөр таван сайхан хүүгээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлснийхээ гавьяаг хүртлээ гэж бодож байна. 

Монголчууд бид хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж бэлгэшээдэг. Миний таван сайхан хүү, малын буян минь биднийг ивээх биз ээ. Монголын хүүхэд бүхэн аз жаргалтай, эрүүл энх байх болтугай. Та бүхэндээ баярлалаа. 


Улиастай сумын иргэн Д.Саранцэцэг: Ээж бүрийн нүдэнд хайр гэрэлтсэн, аз жаргал халгисан өдөр байв

-Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс эх хүн болсны хамгийн хүндтэй шагналаа гардан авсандаа үнэхээр их баярлаж байна. Дорждагвын Саранцэцэг гээд нэрээ дуудуулахдаа маш их догдолж, баярлаж байлаа. Учир нь бурхны оронд байгаа аавтайгаа хамт хүндтэй одонгоо гардаж авлаа гэж үнэхээр их бахархаж, баярлаж байлаа.

Үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан догдол, хүлээлт, бас баярт мөч минь өнөөдөр тохиолоо. Би дөрвөн хүүхэдтэй. Ээж хүн байхын жаргалыг өдөр бүр мэдэрч, ээжтэйгээ хамт баярт мөчөө хуваалцсандаа их баярлаж байна.

Ээжийнхээ ухаан, ханийнхаа халамж, дэмжлэгээр хамтдаа үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг гэр бүлийн хамгийн том баяр жаргал юм. Та хоёртоо маш их баярлалаа.

-Миний хувьд хүүхдүүдээ хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг өдөр бүр хичээж биелүүлж явдаг юм.

Ер нь өрх гэр бүл бүхэн, ялангуяа залуу ээж, аавууд үр хүүхдүүдээ зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх нь улс орны минь ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж боддог юм. Өнөөдөр ээж бүрийн нүдэнд хайр гэрэлтсэн, аз жаргал халгисан тийм сайхан өдөр боллоо.

Монголын бүх сайхан гэр бүл элэг бүтэн, эрүүл энх, дүүрэн жаргалтай байх болтугай. Монголын үрс маш олон болох болтугай.

Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн, цаг уурын техникч Б.Ариунжаргал: Эх хүн бүр үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх нь үүрэг юм

-Өнөөдөр улсынхаа ерөнхийлөгчөөс эх хүн болсны ээж хүн болсны хамгийн эрхэм цол, одонгоо гардаж авсандаа баяртай байна. Нэг л тийм айдас, догдлол дүүрэн баярт мөч байлаа. Дэндүү их баярлаж догдолж байсан болоод ч тэр үү их сандарлаа. Алс баруун хязгаарт хөдөө орон нутгийн ээжүүдийг зорьж ирж хүндтэй одонг минь гардуулж өгнө гэдэг маш том хүндлэл шүү дээ. Төрийнхөө энэ хүндлэлийг ээж бүр хариуцлага гэж хүлээж авах биз ээ. Тиймээс эх хүн бүр үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, боловсролтой, ажилтай, хүнийг нийгэмд төлөвшүүлэх нь бидний үүрэг юм. Бид сумаасаа зургуулаа ирсэн. Бүгдээрээ л өөрсдийгөө азтай юм гэж баярлаж, бахархаж, догдолж одонгоо гардан авлаа.

Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ улс орондоо хэрэгтэй, хичээнгүй хөдөлмөрч хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Миний ээж алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Эхээсээ долуулаа болохоор тэр үү олон хүүхэдтэй байх их сайхан санагддаг шүү. Ингээд Монголын мянга мянган ээжүүд, нялх бяцхан үрс минь эрүүл энх жаргалтай байхыг ерөөе. 

Холбоотой мэдээ