“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020” тэмцээн боллоо

Фото
185@montsame.mn
2020-09-21 08:58:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах нэгдүгээр шатны тэмцээнийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулав.


Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү ур чадварыг тэмцээнийг явуулсан байна.

Тэмцээнд тус аймгийн 17 сум, нэг тосгоны 18 хэсгийн төлөөлөгч найман төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаа, ур чадвараа дайчлан өрсөлджээ. Тэднээс тэргүүн байрт Жаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг, дэд байрт Чандмань сум дахь хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Т.Пүрэвбаяр, гутгаар байрт Бугат сум дахь хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оргил нар шалгарч Өргөмжлөл, медаль, үндсэн цалингийн 10-40 хувиар тус тус шагнуулсан юм.