ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-18 17:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотой хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр улс төрийн харилцааг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.


Элчин сайд Ж.Адылбаев Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлэхэд ГХЯ-тай нягт хамтран ажиллахаа нотлоод, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Казахстан улс олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэмдэглэв.

Холбоотой мэдээ