Аймгийн 2020 оны тодотгосон төсвийг баталлаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-21 08:54:00

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан болж, орон нутгийн 2020 оны тодотгосон төсвийг баталлаа.

Аймгийн 2020 оны тодотгосон төсвийн төслийг боловсруулахдаа 2020 оны тодотгосон төсвийн тооцоолол, төсвийн орлогыг эхний хагас жилийн гүйцэтгэлийг үндэслэн зарим нэр төрлийн орлогыг нэмэгдүүлж, татварын чөлөөлөлт, уул уурхайн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор тодорхой нэр төрлийн орлогыг бууруулж, цар тахлын улмаас цалин нийгмийн даатгалын шимтгэлээс бусад зарлагыг хязгаарлалт хийж бууруулсан төсвийн зохицуулалтыг үндэслэн боловсруулсан байна.

1.   Төсвийн орлогын талаар:

2020 оны Орон нутгийн төсвийн орлогыг тодотгохдоо хувь хүний орлогын албан татварын шууд бус /арьс шир, ноос ноолуурын урамшууллаас суутгасан татвар/ орлогыг 345.0 сая төгрөгөөр, хөрөнгө борлуулсны орлогыг 10.0 сая төгрөгөөр, газрын дуудлага худалдааны орлогыг 20.0 сая төгрөгөөр, торгуулийн орлогыг 50.0 сая төгрөгөөр буюу нийт 425.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, харин  хувь хүний орлогын албан татварын цалин хөлсний орлогыг 150.0 сая төгрөгөөр тооцсон байна.

Мөн түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлогыг 14.6 сая төгрөгөөр, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогыг 44.1 сая төгрөгөөр, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 25.0 сая төгрөгөөр, усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 235.0 сая төгрөгөөр буюу 468.7 сая төгрөгөөр бууруулж нийлбэр дүнгээрээ 43.7 сая төгрөгөөр буурсныг тооцож, Орон нутгийн нийт орлогыг 8 тэрбум 301.6 сая төгрөг байхаар төсөвлөн тодотголоо.

Оны эхэнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлуудаар Өндөр-Улаан, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сум үйл ажиллагааны орлого, хог хаягдлын хураамжийн орлого, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлого, торгуулийн орлогыг нэмж баталсан нийт 71.1 сая төгрөгийг аймгийн төсвийн тодотголын дүнд нэмэгдүүлэн тооцсон байна.

2.   Төсвийн зарлагын талаар:

2020 оны төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд өөрчлөлт оруулаагүй. Бусад бүх зардлыг 10-16 хувиар бууруулсан байна.

Төсвийн тодотголоор цар тахалтай холбоотойгоор зочин төлөөлөгч, хүлээн авалт, албан томилолт, тавилга эд хогшил, урсгал засвар зэрэг тэвчиж болох зардлуудыг гаргахгүй байх зарчим баримталсан байна. Мөн цаашид хэмнэлтийн горимоор ажиллах, түлш халаалтын зардлыг бууруулах чиглэлтэй байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын тусгай зориулалтын шилжүүлгээс 232.7 сая төгрөг, тогтмол зардлаас 123.4 сая төгрөг буюу нийт 356.1 сая төгрөг, хүүхдийн цэцэрлэгүүдийн тусгай зориулалтын шилжүүлгээс 398.1 сая төгрөг, тогтмол зардлаас 46.5 сая төгрөг буюу нийт 444.6 сая төгрөгийг тус тус хасч тодотгосныг хуваариллаа.   

Төсвийн тодотгосон хуваарилалтыг хийхдээ бүх сургууль, цэцэрлэгүүдээс ирсэн саналыг нэгтгэн, оны эхний төсвийн зарлагын 8 дугаар сарын өрийн мэдээ, төсвийн үлдэгдэл зэргийг харгалзан, цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолны зардлаас бүлэг болон хүүхдийн тоонд харьцуулан хоолны зардлыг бууруулж тооцжээ.

Бусад зардлыг төсөвт байгууллагын тооцоо судалгааг үндэслэн тооцсон байна.

Эрүүл мэндийн салбарын тогтмол зардлаас 19.6 сая төгрөг хасагдаж ирснийг сумдын Эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлаас хасч тооцсон ба бусад зардлын хувьд оны эхэнд батлагдсан төсвөөс өөрчлөгдөөгүй байна.

Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан, түүнээс орох орлого буурсан зэрэгтэй уялдуулан аймгийн Орон нутгийн хөгжлийн сан 668.5 сая төгрөгөөр буурч батлагдаж ирсэн. Үүнээс аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 663.0 сая төгрөг, сумдын Орон нутгийн хөгжлийн сангаас 5.5 сая төгрөг тус тус бууруулан тооцсон байна.

Холбоотой мэдээ