Газар тариалангийн бүс нутагт зөвхөн “Эрчимжсэн мал ахуй” хөгжүүлэх тухай зохицуулалт хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-09-18 16:08:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллах үеэрээ тус сумын Номгон багт үйл ажиллагаа явуулж буй “Газрын ундраа” ХХК-ийн тариан талбайгаар орсон юм. Тус талбай нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуайн хөдөлмөрийн талбар юм. Засгийн газрын тэргүүн тариа хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж, газар тариалангийн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй зарим асуудлын талаар сонсож явлаа.

“Газрын ундраа” ХХК-ийн хувьд энэ жил 1350 гаруй га талбайд улаан буудай тариалснаас 9-р сарын 17-ны байдлаар 90 гаруй хувийг нь хураан авчээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан:Өнөөдөр газар тариалангийн бүс нутгийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “Газар тариалангийн бүс” нутгийг тодорхой газруудад зааж өгсөн явдалд тариаланч бид талархан хүлээж авсан. Бид нэг үеэ бодвол байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдалд дасан зохицсон техникийн шинэчлэлтүүдийг, мөн уринш бэлтгэлийг цаг хугацаанд нь хийж чадаж байна. Харин бэрхшээлтэй нэг асуудал нь нөгөө биднийг зөрчилдөхөд хүргэдэг мал. Мал аж ахуй эрхэлж буй малчид мал сүргээ бүтэн нэг жилийн долоон сард нь шахуу ямар нэг зохицуулалт байхгүйгээр малаа билчээж, тариалангийн талбайг элэгдэл, доройтолд оруулахад хүргэж байна. Иймээс энэ бүс нутагт зөвхөн “Эрчимжсэн мал ахуй” хөгжүүлэх тухай зохицуулалт хийж өгөөчээ” хэмээн хүслээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Сайхан сумын Номгон багийн нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа.

 

Холбоотой мэдээ