Шилдэг хэсгийн төлөөлөгчдийг шалгарууллаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-17 22:50:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмээнийг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас амжилтай зохион байгууллаа. Гурав дахь жилдээ болсон уг тэмцээнд Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Оюунболд тэргүүн байрыг эзэллээ.

Түвшинширээ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ууганбаяр, Уулбаян сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Сугаржав нар удаах байрыг эзэлсэн юм.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах,  үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилдгаараа онцлог. Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар аймгийн 12 сум хариуцсан хэсгийн төлөөлөгч оролцов.


Тэд уламжлал ёсоор хууль эрх зүй, англи хэлний мэдлэг, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, хэргийн газрын үзлэг хийж ул мөр бэхжүүлэх, бие бялдрын шалгалт, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд ажиллах чадвар, буудлага, АКМ, ПМ бууны задаргаа болон угсралт, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, мал зүслэх, шүдлэх, им тамгыг нэрлэх зэрэг төрлөөр өрсөлдсөн юм.

 

Холбоотой мэдээ