Үе тэнгийнхнээ дээрэлхэх үйлдлийг таслан зогсоох “Банхар арт терапи" төслийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-17 15:48:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе тэнгийнхнээ дээрэлхэх үйлдлийг таслан зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үзүүлэх “Банхар” арт терапи төслийн нээлт өнөөдөр боллоо.


Төслийг боловсролын салбарт жишиг болгох үүднээс Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр,  Монголын урлагийн Сэтгэл заслын Мэргэжлийн Холбооноос нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 48, 147-р сургуульд нэг жилийн хугацаатай туршилтаар хэрэгжүүлнэ.


ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа хүүхэд, өсвөр үеийнхний 20 хувь нь буюу таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд  сэтгэцийн эмгэгийн ихэнх нь хүүхэд, өсвөр насанд илэрч байна.


Энэхүү үйл ажиллагааг нээж Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, доктор Стефан Бурри “Төслөөр дамжуулж хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох, зөв илэрхийлэх, бусдыг ойлгож, эерэг хариу үйлдэл үзүүлэх чадвартай болж чадна гэж бодож байна. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэхүү эрхийг хамтын ажиллагааны хүчээр бий болгож чадна. Зөвхөн сурагчид бус тэдний ээж аав, сургуулийн ажилтан, албан хаагчдад цаашлаад олон нийтэд нөлөөлөх байх гэж найдаж байна” гэсэн юм.


2017 онд гаргасан “Өсвөр үеийн дуу хоолой” судалгааны тайланд өсвөр насны хүүхдүүдийн 84.2 хувь нь дарамтлуулж шоовдорлуулж байсан. 40.7 хувь нь бусад хүүхэд шоовдорлуулж дээрэлхүүлж байхыг харсан. 37.9 хувь нь өнгөрсөн онд ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан. Хүүхдүүдийн 81.4 хувь хаанаас тусламж авахаа мэдэхгүй байна гэж хариулжээ.



ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа урлагаар дамжуулж сэтгэл засах арт терапич мэргэжлийг Монгол Улсад хөгжүүлэхэд 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа аж.


Тэрбээр төслийн нээлтийн үеэр үг хэлэхдээ “Канадын арт терапистын холбооны ерөнхийлөгч ХНХЯ-д 3 сар ажиллаж, арт терапигийн тусламжтайгаар сэтгэл заслыг Монгол Улсад хэрхэн хөгжүүлэх тухай арга зүйн гарын авлагыг боловсруулж өгсөн. Энэ гарын авлагын орчуулгыг Монголын урлагийн Сэтгэл заслын мэргэжлийн Холбооны тэргүүн В.Бэрцэцэг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Энэ аргыг нийслэлийн зарим эмнэлэгт ашиглаад явж байна. Үүнд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх арга зүйг боловсруулсан.


Мөн энэ арга зүйд түшиглэн олон нийтэд өөрийн сэтгэл зүйг удирдах, илэрхийлэх, хүн хоорондын харилцааг эрүүл байлгахад юу чухал гэдгийг илэрхийлсэн контентыг олон нийтэд түгээсэн. Монгол Улсад 32 гэрч, хохирогчийг түр хамгаалах байр байдаг. Энд ажилладаг нийгмийн ажилтан болон бусад ажилчдад сургалт зохион байгуулсан. Одоо хэрэгжүүлж буй “Банхар” арт терапи төсөл хүчирхийллийн бус аргаар мэдрэмжээ илэрхийлэхэд томоохон тусламж үзүүлнэ гэж итгэж байна” хэмээв.


Дээрэлхэж байгаа уг шалтгааны 5.1 хувь нь шашин шүтлэг, 5 хувь нь гэр бүлийн ядуу тарчиг байдал, 11.2 хувь нь насны ялгаатай холбоотой байгаа бол, 1.3 хувь нь ангид шинээр шилжиж ирсэн хүүхдийг дээрэлхэх, 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхах, 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлийн улмаас харин 53.4 хувь нь бусад шалтгаанаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг байна.


Монголын урлагийн Сэтгэл заслын мэргэжлийн Холбооны тэргүүн В.Бэрцэцэг "Уг төслийн хүрээнд үе тэнгийнхнээ дээрэлхэх үйлдлийг зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх үе тэнгийн сургагч багшийг бэлтгэх, дээрэлхэгч, түүний хохирогч, гэрч болж буй хүүхдүүд тус бүрт зориулсан арт терапи хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдүүдтэй ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, аав ээж, олон нийтэд зориулан өсвөр насныхны дундах дээрэлхүү үйлдлийг багасгах, таслан зогсоох хариу арга хэмжээг авах чиглэлээр мэдлэг, мэдээлэл түгээнэ.


Банхар нохойны дүрээр  дамжуулан арт терапи хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  өсвөр насны хүүхдүүдэд:

 -          Өөрийгөө зөвөөр танин мэдэх, ойлгох

-           Өөрийгөө бусдад  чөлөөтэй илэрхийлэх,

-           Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг  ойлгох, туслах,

-           Бусдыг байгаагаар  нь хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллаж сурах

-           Өөрийн давуу талаа олж мэдэх

-           Асуудал шийдвэрлэх ур чадварт суралцах зэрэг ур чадвар суулгана" хэмээв. 


Банхар нохой нь тантай хамт тоглож хөгжилдөнө, заримдаа таныг ойлгож сонсоно, заримдаа таныг хайрлаж халуун дулаан  илчээрээ тэврэн дулаацуулна, таныг уурлаж  бухимдах үед хажууд тань байж тайвшруулна гэсэн санааг илэрхийлж байгаа аж.

Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Будзаан болон төсөл хэрэгжих сургуулийг Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Болормаа нар хүрэлцэн ирсэн байв.


Зохион байгуулж байгаа ажилтан энэ үеэр ирсэн зочид, төлөөлөгчдийг угтаж авахдаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг олгож, одоо төрж байгаа мэдрэмжтэйгээ төстэй "эможи"-ийг ханын цаасан дээр зуруулж байсан юм. 

 

Холбоотой мэдээ