БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсныг дүрэм зөрчсөн гэж үзжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-09-16 13:39:59

ЖЕНЕВ. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан нь олон улсын худалдааны дүрэм журмыг зөрчиж байна гэж Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ мягмар гарагт мэдэгдлээ.


2018 онд АНУ Хятадын 234 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан тухай гомдлыг ДХБ ийнхүү шийдвэрлэжээ. Ажлын хэсгийн тогтоосноор, уг татвар нь бүх гишүүн орнуудад ижил татвар ногдуулах гэх мэт хэд хэдэн дүрэм журмыг зөрчжээ.


Гэсэн хэдий ч ДХБ-ын шийдвэр нөлөө багатай байх аж. Учир нь тус байгууллагын давж заалдах комиссоос холбогдох үйл ажиллагааг явуулахад АНУ саад учруулсан тохиолдолд комиссын гишүүдийн тоо хүрэлцэхгүй ажээ.


Д.Трамп Бээжинг хэлэлцээний ширээнд суулгаж, оюуны өмч, технологийг хулгайлах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятадын олон тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан юм.


АНУ, БНХАУ энэ оны эхээр урьдчилсан хэлэлцээр байгуулсан боловч татварын ихэнх нь хэвээр байна. Татвар ногдуулснаар АНУ-ын бизнесүүдийн хувьд бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэж, зарим тохиолдолд хэрэглэгчдийн гарт хүрэх үнэд нөлөөлж байгаа ажээ.


Д.Трампын засаг захиргаа БНХАУ-д хариуцлага тооцохгүй байна хэмээн ДХБ-ыг удаан хугацааны турш шүүмжилсээр иржээ. “ДХБ ур чадваргүй гэдгээ уг шийдвэрээрээ батлан харууллаа” гэж АНУ-ын Худалдааны сайд Роберт Лайтхайзер мягмар гарагт мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ