Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэд арвин ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-16 16:33:59

Увс /МОНЦАМЭ/. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалтад орж ажилласан иргэд арвин ургац хураан авчээ.

Тодруулбал, аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан ажил идэвхтэй хайгч 50 иргэнийг хүсэлтийнх нь дагуу бүртгэн авч дээрх хөтөлбөрт хамруулжээ. Тэгэхдээ өнгөрсөн 5-р сард газар хагалуулан, нарийн ногооны үр, багаж хэрэгсэл, ажлын хувцсаар хангаж, хүн бүрт тодорхой хэмжээний газар хариуцуулан ажиллуулсан байна. Хөтөлбөрт хамрагдсан нэг иргэн гэхэд дунджаар 950 кг төмс, 70 кг лууван, 280 кг шар манжин хураан авсан бөгөөд нийтдээ 50 иргэн 65 тонн төмс, хүнсний ногоо хураан авсан байна.

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, арвин ургац хураан авсандаа маш их баяртай байгаа. Бид энэ хөтөлбөрийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд жил бүр ажилгүй, орлогогүй 50 гаруй иргэнийг зуны гурван сард ажлын байраар хангаж, арвин ургац хураан авахад нь дэмжлэг үзүүлдэг юм” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Э.Ганзориг хэллээ.

Холбоотой мэдээ