ӨАБНУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын амь насанд халдаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-14 13:39:10

ВАШИНГТОН. /TASS/. Зэвсэгт хүчнийх нь элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын "Аль-Кудс" тусгай хүчний командлагч, генерал Касем Сулейманиг хөнөөсний хариуд Ираны эрх баригчид Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ суугаа АНУ-ын Элчин сайд Лана Марксын амь насанд халдаж магадгүй гэж “Politico” сонинд Америкийн тусгай албаныхны мэдээллээс иш татан бичжээ.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ-ын тусгай алба Элчин сайдад учирч болзошгүй аюулын талаар өнгөрсөн хавар мэдэж байсан боловч сүүлийн долоо хоногуудад халдлагад бэлтгэж байгаа тухай илүү тодорхой мэдээллүүд гарч иржээ. Дипломатчийн амь насыг хөнөөх хуйвалдаанд ӨАБНУ дахь Ираны Элчин сайдын яам холбоотой байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. 


Лана Марксыг яагаад бай болгон сонгосныг Америкийн тусгай албаныхан одоог хүртэл мэдэхгүй байгаа боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн танил болоод удаж байгаа, тэд найрсаг харилцаатай байдагтай холбоотой байж магадгүй байна. ӨАБНУ-д суугаа Элчин сайдын амь насанд халдах гэсэн нь Ираны зүгээс хариу арга хэмжээ авах боломжит хувилбаруудын зөвхөн нэг нь болохыг эх сурвалжууд тэмдэглэжээ.


АНУ-ын Зэвсэгт хүчин генерал Касем Сулейманиг хөнөөснийг мартахгүй бөгөөд америкчуудад хариуг нь өгнө гэж Ираны шашны удирдагч Али Хаменеи урьд нь мэдэгдсэн юм.


Өнгөрөгч нэгдүгээр сарын 3-нд АНУ Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудлын орчимд агаарын цохилт өгсний улмаас Ираны генерал амиа алдсан юм. Үүний хариуд Иран Америкийн цэргүүдийн байрлаж байсан байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн билээ.


Холбоотой мэдээ