Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-10 14:03:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

Энэ өдөр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, төрийн албан хаагчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээг хүлээж авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд аймгийн ИТХ, түүний ажлын албанаас ЕБС-ийн сурагчдын дунд лекц мэдээлэл тавьж, шашин номын байгууллагууд буяны ном хурж, эрүүл мэнд, урлаг соёлын байгууллагууд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хөнгөлөлттэй болон төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон бол Баянхонгор аймгаас хэлмэгдэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд 900 гаруй сая төгрөгийн нөхөх олговор аваад байгаа аж.