"Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн баг Дундговь аймагт ажиллав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-09 20:25:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ, Дани-Монголын нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн захирал Н.Тунгалаг, зохицуулагч О.Оюунсүрэн, Ц.Энхтуяа нар Дундговь аймагт ажиллалаа.

Уг төслийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр 2019 онд гэрээ байгуулж, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд тус аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай суманд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэн чадавхжуулж, орон нутагт бизнес эрхлэгчдэд бизнесийн төслөө боловсруулах мэдлэг чадвар олгох сургалт зохион байгуулаад зогсохгүй хөгжлийн бүлэг байгуулж, тэдний оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Төслийн баг Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулж байгаа хуримтлалын болон хөгжлийн 10 бүлгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, ТББ-ынхаа үйл ажиллагааг танилцуулан, бүлгийн гишүүдийн санал бодлыг сонсон, “Бизнесээ эхэл” сургалтад хамрагдсан зарим бизнесийн үйл ажиллагаатай танилцжээ.

Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын Сайнцагаан сумын салбар ОУХБ-ын “Бизнесээ эхэл” сургалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж, энэ үеэр төслийн баг хамгийн отгон төгсөгчидтэй уулзаж, төслийн үр дүнгийн талаар ярилцан, цаашид тус сумын хуримтлалын болон хөгжлийн бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, тэднийг чадавхжуулах, хамтран нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах талаар зөвлөгөө өгсөн байна.

Мөн тус ТББ-ын Сайнцагаан сумын салбарын Удирдах зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очиртой уулзаж, орон нутгийн салбарын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцжээ.

Холбоотой мэдээ