Захын удирдлагуудад албан шаардлага өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-10 12:11:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий хотын төвд үйл ажиллагаа явуулдаг «Тирлик», «Ах дам» захуудад эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад захуудын үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу бариагүй, ариун цэврийн байгууламжийг цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбоогүй, одоо ашиглаж буй нүхэн жорлон, муу усны нүх, хог хаягдал түр хадгалах цэгүүд нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хог хаягдлыг тухай бүр цэвэрлэж хэвшээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн борооны ус хуримтлагдсан газрын усыг тухай бүр бүрэн зайлуулах арга хэмжээ аваагүйгээс зах орчмын хөрс, агаар бохирдож, халдварт болон халдварт бус өвчин үүсгэх эрсдэлтэй байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

Иймд дээрх зөрчил дутагдлуудыг арилгуулах зорилгоор захын удирдлагуудад 37 заалт бүхий албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгсөн байна. 

Холбоотой мэдээ