Б.Ганбаясах: Хүний эрхийг үгүйсгэсэн буруу хандлагыг халах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-10 14:55:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэл, хоёр хүүхэд тус бүрийн нэг нь дарамтад аж төрж байна гэсэн тоон мэдээлэл бий. Хүчирхийллийн гэмт хэргийн тухай ярих бүрт “Хохирогч төвтэй хандлага” -ын тухай асуудал хөндөгддөг болоод байна. Энэ хандлага яагаад чухал болох тухай “Хүйсийн тэгш эрх ТББ”-ын захирал Б.Ганбаясахтай ярилцлаа.


-Бидэнд яг одоо хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол “Хохирогч төвтэй хандлага” гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс ярих болсон. Гэхдээ л хүмүүс цэгцтэй ойлголтгүй хэвээр байна. Ер нь хохирогч төвтэй хандлага гэж яг юу вэ?


-Энэхүү нь хохирогчийг дахин хохироохгүй байх гэдэг санаа юм. Ямар ч хүн өөрт тохиолдсон сэтгэл санааны болон бие махбодын дарамтыг дахин мэдрэхийг хүсэхгүй. Ялангуяа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүн худалдах гэмт хэргийн хохирогч өөрт тохиолдсон таагүй зүйлээ эргэн санах, тэр тусмаа бусдын хажууд яриад байх хүсэлгүй байдаг.


-Та Швед улсад хүчирхийлэлд өртсөн хохирогчтой харилцах сургалтад хамрагдсан гэсэн. Тэгвэл ер нь хохирогч төвтэй хандлага яагаад тийм чухал вэ? 


-Би хамгийн анх  2001 онд “Хүчирхийллийн эсрэг төв”-д ажиллаж эхэлсэн. Тухайн үед Швед улс руу томилолтоор явсан юм л даа. Тэнд хохирогчийг зориулалтын  буюу тусгай цонх, камертай өрөөнд оруулж мэдүүлэг авдаг юм билээ. Харин энэ үед мэдүүлэг авч байгаа цагдаагийн ажилтан нь жирийн хувцастай байх бөгөөд энгийн, чөлөөтэй байдлаар ярилцлагыг хөтөлж байсан. Жишээ аваад үзье л дээ. Насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийллийн хохирогч мэдүүлэг өгч байх үед ярилцаж байгаа цагдаагийн ажилтан нь ёс бус үг хэллэг хэрэглэх, айлган сүрдүүлж болох талтай. Тэгвэл үүнийг асран хамгаалагч нь бичлэг хийж байгаа камераар болон тусгай мэдүүлэг өгөх цонхоор хянах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр бичлэгийг хоёр хувь хийнэ. Нэгийг нь битүүмжилж шүүхийн шатанд нотлох баримт болгодог бол нөгөөг нь мэдүүлэг өгөх шаардлагатай хуулийн бүх шатыг дамжуулан авч явдаг. Өнөөдөр дэлхий нийтээр хохирогчоос мэдүүлэг авахдаа энэ жишгийг дагаж байна. Нэг ёсондоо мэдүүлэх авах процессыг хумиж, нэг удаагийн байдлаар зохицуулалт хийж буй хэрэг.


-Энэхүү процесс нь хохирогчийн сэтгэлзүйг эмчлэх арга гэсэн үг үү?


-Ер нь бол тийм. Мэдүүлэг авах процессыг сунжруулахгүй байх нь хохирогчийг сэтгэл зүйн хувьд дахин хохирохоос хамгаалж байна гэсэн үг.


-Шведийн энэхүү туршлагыг Монголд нэвтрүүлэх ажлыг танай байгууллагаас эхлүүлсэн гэж сонссон?


-Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэхээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад 2003 онд хүсэлт тавьсан. Ийнхүү тус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын “Хүүхдийн алба”-нд туршиж үзсэн. Мэдээж үр дүнтэй байсан болохоор түүнээс хойш Цагдаагийн Ерөнхий газар энэ аргыг зохих журмын дагуу нэвтрүүлж, ажиллах болсон.


-Манайд хохирогч төвтэй хандлага төдийлөн сайн төлөвшөөгүй хэвээр байгаа юу?


-Тийм ээ. Хувь хүний нууцыг мэдүүлэг авах өрөөнд байгаа гурав юм уу, дөрвөн хүн сонсох ямар ч шаардлагагүй. Ер нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид ижил хүйсийн хүнтэйгээ уулзаж ярилцахыг хүсдэг.


-Мэдээж, эсрэг хүйсийн хүнээс өөрт нь ирсэн дарамт шахалтаас болдог байх?


-Мэдээж сэтгэлзүйн хувьд эсрэг хүйсийн хүнээс өөрт нь ирсэн их хэмжээний дарамт, доромжлолыг амссан байдаг. Тиймээс эсрэг хүйсийн хүнээсээ айж ичих юм уу, эсвэл бүр үзэн ядах сэтгэлзүйтэй болсон байх нь бий. Гэтэл мэдүүлэг авч байгаа хууль хяналтын ажилтан энгийн хувцас өмсөхгүй байхаас гадна хохирогчийн оронд нэг ч болов удаа өөрийгөө тавьж үздэггүй. Басхүү оновчтой асуулт тавьж, тухайн хүний сэтгэлийн шархыг хөндөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Манайд яг эсэргээрээ үйлчлээд байна. Хохирогч үйлчилгээ авахдаа өөрийнхөө халааснаас мөнгө гаргах шаардлагатай тулгардаг. Түүнчлэн захын дүүрэг, орон нутагт аж төрж буй иргэдэд энэ төрлийн үйлчилгээ ном журмынхаа дагуу хүрч чаддаггүй.  Энэ бүгдээс харахад хохирогчоос мэдүүлэг авах практик дутагдаж байгаа нь их анзаарагддаг. Тийм ч болохоор би манайд хохирогч төвтэй хандлага сайн төлөвшөөгүй байна гэж үзэж байгаа юм. Уг нь бол тийм хэцүү ажил биш.


-Тэгвэл хохирогч төвтэй хандлагыг эрчимжүүлэхийн тулд үйлчилгээ үзүүлж байгаа хууль хяналтын байгууллагын ажилчдад энэ талын мэдлэг олгох, сургалт зохион байгуулах хэрэгтэй юу. Ер нь одоогийн байдлаар хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанар, стандартыг та хэрхэн үнэлж байна вэ?


-Сургалт зохион байгуулахын хувьд бол үйлчилгээ үзүүлж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан хэт их ачааллаас болж байна уу, эсвэл хохирогч төвтэй хандлагын талаарх мэдлэг дутмаг байна уу гэдгийг эхлээд судлах хэрэгтэй байх. Харин үнэлгээний хувьд гэвэл, дээр жишээ дурдсан хоёр асуудлаас болоод зарим хүнд сайн үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Тиймээс аль, аль талдаа анхаарч нэгдсэн дүн шинжилгээ хийх буюу үнэхээр хохирогч төвтэй хандлага бидэнд байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.


-За тэгвэл энэ талын сэдвийг хоёулаа жаахан өөрчлөх гээд үзье. Та нэг удааГэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эрх мэдэлтэйгээ харуулах гэсэн үйлдэл” гэж хэлж байсан. Үнэхээр гэр бүлд эрх мэдлийн хуваарилалт оршдог уу?


-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч ихэнх этгээд “Би согтуу байсан” гэх үгээр өөрийгөө хаацайлж, архи руу буруугаа чихдэг. Архи хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлдөг самууруулах төрлийн хүчин зүйл болох нь үнэн. Гэвч согтсон хүн бүр хүчирхийлэгч байдаггүй. Учир нь гэвэл өөр дотор буй хэрцгий зан авирыг архи уухаар гарч ирдэг гэж андуураад байгаа хэрэг. Өөр бас нэг шалтаг бий.


-Тэр нь юу юм бол?


-Хүмүүсээс яагаад хүчирхийлэл үйлдсэнийг нь асуухад “Би сэтгэцийн өөрчлөлттэй” гэж хариулдаг. Харин судалгаанаас үзэхэд хариулт нь ондоо гарна. Учир нь судалгаагаар хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн 99 хувь нь цоо эрүүл гэж гараад байгаа юм. Үнэн хэрэгтээ хүчирхийлэл үйлдэх, эс үйлдэх нь тухайн хүний л сонголт.

Тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэгчид бусдын хажууд ил цагаан хүчирхийлэл үйлдээд байдаггүй. Ихэвчлэн далд, нуугдмал байдаг. Яагаад хаалгаа цоожилчихоод гэмт хэрэг үйлдээд байна вэ гэж тунгаан бодож үзсэн үү? Үнэндээ тэр хүн гадагш гарахдаа өөрийгөө бусад хүмүүст сайн сайхан болгож харагдуулж байгаа юм. Энэ бол хаалгаа цоожилж байгаад өөрийгөө илүү гэдгээ мэдрүүлэх, эрх мэдлийнхээ хязгаарыг үг хэллэг, үйл хөдлөл, зан авираараа далайлган үзүүлж буй хэрэг.


-Гэр бүлийн хүчирхийллийн нэг төрөлд эдийн засгийн хүчирхийлэл багтдаг. Энэ төрлийн хүчирхийлэл хэрхэн үйлдэгддэг вэ?


-Мэдээж гэр бүлийн доторх зохион байгуулалт нь өөр өөр байж болно. Харин эдийн засгийн хувьд өөрөөсөө хараат байлгаж, ажил хийлгэхгүй, найз нөхөдтэй нь уулзуулахгүй байх нь гэр бүлийн доторх эдийн засгийн хүчирхийлэл болдог. Орлогын эх үүсвэргүй болоод ирэхээр тухайн хүнд амьдралын шаардлагын дагуу мөнгөний хэрэгцээ гарч ирнэ. Тийнхүү гэр бүлийн нөгөө гишүүнээсээ мөнгө авахын тулд үгээр нь байх, доромжлолыг нь тэвчиж гарах зэргээр сэтгэл санааы хүчирхийлэлд өртөж эхэлдэг.


-Тэгвэл энэ чинь мөн л эрх мэдлийн асуудал болчихож байгаа юм биш үү?


-Тийм. Ер нь хувь хүн эрх мэдлээ тогтоохын тулд аливаа зүйлийн хамгийн жижиг цэг дээрээс эхэлдэг. Жишээ нь, уулзах хүнийг нь хязгаарлаж, явах газрыг нь хорихыг хичээж байна гэсэн үг. Үүнд нь эрх мэдлээ алдсанаар энэхүү үйлдэл цаашид бэлгийн болон бие махбодын хүчирхийллээр төгсдөг тохиолдол цөөнгүй бий.


-Хувь хүний оршихуйд далд байдлаар халдаж буй хэрэг гэж ойлгогдохоор байна. Тиймээс л гэр бүлийн гишүүд адил тэнцвэртэй байдлыг бий болгож, ижилхэн эрх эдлэхэд юу шаардлагатай вэ?


-Гэр бүл болох нь ганц бие байх үеийнхээс илүүтэй хувьд хүнд олон үүрэг, хариуцлагыг ноогдуулдаг. Харин ачаалал нэмэгдсэн ч эрх мэдлээ хэтрүүлж болохгүй. Хүүхдээ цэцэрлэгээс нь авах, хүргэж өгөх гэх мэт ажилд хүртэл ижил тэгш оролцох ёстой. Мөнхүү хоёулаа ажил хийж, орлогын эх үүсвэрээ хэрхэн зохицуулахаа сайтар ярилцаж тохиролцох нь чухал. Үгүй бол хэн нэгнээсээ идэж уух, өмсөж зүүхээ асуугаад эхэлбэл чи тухайн хүний хяналтад орж байна гэсэн үг бөгөөд нөгөө талаас нь үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж дүгнээд байгаа юм.


Ер нь монголчууд аливаа зөрчилдөөн, маргааныг тунгаан бодож шийдвэрлэхдээ тааруухан хүмүүс. Хүүхдэд багаас нь харилцааны болон зөвшилцөлд хүрэх ур чадварыг заах хэрэгтэй. Түүнээс бус нэг ангид хоёр хүүхэд хоорондоо толхилцвол яагаад муудах болсон шалтгааныг асуухгүйгээр шуудхан самбарын өмнө гаргаад загнаж болохгүй.


-Мэдээж асуудлын гол учрыг олж тайлбарлаж чадвал дахин муудалцах нөхцөл үүсэхгүй байх л даа...


-Тэгэлгүй яах вэ. Асуудлыг шийдэх арга замыг зөвөөр олж хүүхдүүдийг эвлэрүүлж чадвал дахин хүнд нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой. Хүүхэддээ ядаж тавхан минутын ч болтугай цаг, зав гаргаад ярилцдаг байх нь их чухал. “Хэрвээ багшийн өгсөн даалгаврыг цагт нь биелүүлээд сурчихвал аливаа асуудалд хариуцлагатай ханддаг хүн болно” гэх ойлголтыг багаас нь суулгаж өгвөл зөв хүмүүжилтэй, зөв хүн болж өснө.


Бидний ярьж буй эрх мэдлийн тэнцвэргүй байдал бусдад нэг их том үзэл хандлага мэтээр сонсогдож байж болох юм. Гэвч энэ нь гэр бүл доторх өөрт оногдсон тэгш эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг л асуудал юм.


-Эрх мэдлийн тэнцвэргүй байдал яг яаж үүсдэг вэ?


-Нийгмийн тогтсон нэг хандлага бий. Аливаа асуудлыг харж, дүгнэхдээ “чи эр юм байж, чи эмэгтэй юм байж” гэсэн дээрэнгүй үзэл гаргаж, шуудхан шийдвэрлэчихдэг. Эр хүн өрхийн тэргүүн, удирдан манлайлагч байж болно. Гэтэл бусдаас хараат бус байж гэр бүлээ тэжээж явдаг хүчирхэг эмэгтэйчүүд ч одоо цагт олон болсон. Эмэгтэй хүн ч гэсэн өрх гэрийн эдийн засгийн 50 хувийг үүрэлцэж явдаг. Бид энэхүү үүрэг хариуцлага, оролцоог нь үнэлэхгүй байгаагаас болоод л эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүсдэг.


-Гэр бүлийн хохирогч байлаа гэж бодъё л доо. Нийгмийн сэтгэлзүй хохирогчийг хэрхэн хүлээж авбал тэдгээр хүмүүс өөртөө итгэлтэй болж, эргээд хэвийн амьдралдаа орж болох вэ?


-Тухайн хохирогч бусдад хандахаас өмнө өөрт тохиолдсон зүйлийг олон удаа тэсвэрлэж, ард нь гарсан байдаг. Мөнхүү өөрийн хүчээр шийдвэрлэх гэж янз бүрээр оролдсон байдаг. Ингээд шийдвэрлэх боломжгүй, арга нь барагдсан үед л бусдад хандсан хэрэг. Тиймээс тухайн хүнийг хохирогч бус асуудлаа даван туулах арга зам хайж байгаа хүн гэдэг талаас нь харах ёстой.            


-Яг ийм үед хохирогчид найз нөхөддөө хандах нь элбэг байдаг. Энэ зөв арга мөн үү?


-Мэдээж хохиригч хэнд ч хэлэхгүй, асуудлыг зөвхөн өөртөө нуугаад яваад л байдаг. Тиймээс эхлээд тухайн хүнийг сайн сонсох хэрэгтэй. Туулсан амьдралынх нь тухай хагас, дутуу ч болов эхлээд мэдэж авах нь эхний алхам байдаг. Мөнхүү шийдвэр гаргах эрх мэдлийг өөрт нь үлдээх хэрэгтэй. Учир нь хохирогч өөрөө шийдвэрлэх арга замыг мэдэж байдаг. Мөнхүү хэн нэгэн танд өөрт тохиолдсон асуудлыг ярихаар ирвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөх ёстой. Үгүй бол тэр хүнд буруу зөвлөгөө өгснөөр амьдралынх нь хамгийн том алдааг хийлгэж мэднэ шүү дээ. Нөгөөтэйгүүр эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж ч болох юм. Зарим тохиолдолд сайн найзууд “Шуудхан сал, зовлонг нь өөрт нь мэдрүүл” зэргээр нэгэндээ зөвлөдөг. Бид тийм эрсдэлтэй зам руу нэгнээ түлхэж болохгүй. Эхлээд сонс, дараа нь эрсдэлтэй алхам хийж болохгүйг сануулж мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөх нь хамгийн зөв үйлдэл.


-Мэргэжлийн байгууллагууд хохирогчид шийдвэр гаргах эрхийг нь бүрэн олгож чаддаг уу?


-Тийм ээ, мэргэжлийн байгууллага хувь хүнээр өөрөөр нь шийдвэр гаргуулдаг. Ингэснээр тухайн хохирогч дараа нь гарч болох эрсдэлийг тооцож чадах учраас өөрийгөө хамгаалсан шийдвэр гаргадаг. Мөнхүү мэргэжлийн хүн эхнэр, нөхрийн аль, аль талд нь оролгүйгээр зөвлөгөө өгч чаддаг.


-Цахим орчноос ажиж байхад хүмүүс хохирогчдыг буруутгах хандлага их ажиглагддаг. “Энэ хүн угаасаа л ийм байсан учраас өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн” гэх зэрэг сэтгэгдлүүд их байдаг. Ззнийг та хэрхэн үздэг вэ?


-Нийгмийн сэтгэлзүй ер нь хохирогчийг маш их буруутгадаг. Энэ нь жендерт суурилсан хүчирхийллийн асуудал дээр бүр их харагддаг л даа. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг “Өөрөөс нь болсон” гэх мэтээр ялгаж өгдөг. Яг бодит үнэн рүү нь өнгийж хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг нь хэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Тиймдээ ч нийгэм рүү чиглэсэн “мессеж” илгээхдээ хүчирхийллээс урьдчилан сэргээлэх бус хүчирхийллийг битгий үйлд гэсэн санааг тусгах нь зөв. Ер нь бодоод үзэхэд хүний биед зөвшөөрөлгүй хүрч, үг хэлээр доромжлох, хэн нэгнээс давуу эрх эдлэхийн тулд хувь хүнд хяналт тогтоогоод байж болохгүй биз дээ. Энэ ойлголтыг алхам тутамдаа бусдад ойлгуулж байх нь нэн чухал.


-Гэр бүл зохиохоосоо өмнө энэ талын харилцааны талаар сайн ойлголттой болох нь чухал байх, тийм үү?


-Гэр бүлийн харилцаанд маш сайн суралцах хэрэгтэй л дээ. Асуудал гарсан тохиолдолд хүчирхийллийн аргаар шийдвэрлэхгүй, зөвшилцөж болох арга замыг хайсан нь дээр. Ямар ч маргаан, зөрчилдөөнгүй гэр бүл гэж үгүй. Хүн бүрт өөр, өөрийн гэсэн үзэл бодол бий. Энэхүү үзэл бодлоо хамгаалж үлдэхийн төлөөх тэмцлээс зөрчилдөөн гарна. Харин маргаан үүссэний дараа нөхцөл байдалдаа хяналт тавьж, асуудлыг тайван замаар хэрхэн шийдэхээ бодох ёстой. Хэн нэгэн нь үзэл бодлоо хэт тулгаж, дуугаа өндөрсгөж байна уу, энэ үйлдэл хэр ойрхон давтагдсан бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэст нь “Өөрийнхөө үгэнд орохгүй бол чамтай эврэлэхгүй” байж болно. Тийм бол гэрт нь хүчирхийлэл суугаад эхэлчихжээ гэсэн үг.


-Ер нь хүчирхийлэгч яаж "төрдөг" вэ. Хүний суурь хүмүүжил нөлөөлөөд байна уу? 


-Хүчирхийллийг бид өөрсдөөсөө холдуулж боддог. Хэрцгий, муу хүмүүс л хүчирхийллийг үйлддэг гэж нийгмийн ихэнх нь хардаг. Гэвч бидний өдөр тутмын амьдрал, хүмүүс хоорондын зарим харилцаанд хүчирхийлэл аль хэдийн нэвтэрчихсэн байдаг. Ийм ч учраас өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэл, хоёр хүүхэд тус бүрийн нэг нь дарамтад аж төрж байна. Бид асуудлыг шуудхан шийдээд алга болгочихож чадахгүй. Бага багаар засаж залруулах хэрэгтэй.

Өөр нэг асуудал нь “Яагаад эрчүүдийг хүчирхийлэгч гэдэг нүдээр хараад байгаа юм бэ” гэдэг дээр хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Ер нь бол ямар ч хүн хайргүй мөртлөө нөхөрт гараагүй л байх. Хэн чиг гэсэн төрсөн үрээ үзэн ядахгүй л болов уу. Бас миний хүү хүчирхийлэгч болоод айлын охиныг хохироогоод яваасай гэж ямар ч аав, ээж хүсэхгүй шүү дээ. Хамгийн гол нь бид амьдралынхаа хэв маягаас болоод хүчирхийлэгч хүний зан араншинг хүлээн зөвшөөрдөг болчихоод байгаа юм. Тиймээс 21 дүгээр зуунд бид ажил үүргийн хувьд ч нүүдэлчин ахуйгаасаа салаагүй байна гэж хэлж болно.


-Ер нь хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?


-Бид эрэгтэй хүүхдүүдийнхээ боловсролд төдийлөн сайн анхаарал хандуулахгүй байгаа нь нийгэм дэх тэгш бус байдлын суурь шалтгаан болоод байна. Учир нь эмэгтэй хүүхдийг эрдэм ном, өндөр боловсролтой болгох хандлага илүү давамгайлдаг бөгөөд “Эрэгтэй хүүхэд бол яахав дээ, өөрийгөө аваад явчихна” гэсэн бодолтой байдаг. Ингэхлээр эрчүүдийн боловсрол арын суудал руу шидэгдчихэж байгаа юм. Үүнээс болоод боловсролын тэгш бус байдал бий болсон. Тиймээс ч жендэрийн тухай яриа зөвхөн хоёр хүйсийг сөргүүлж тавих асуудал биш болох нь харагдана. Тэнцвэртэй бус байгаа зүйл бүрт бид анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сөргүүлэн авч үзэх асуудал биш гэж дээр би хэлсэн дээ. Хамгийн гол нь асуудал үүсэж байгаа газарт бодитоор хүрч ажиллахыг бид хичээж байна. Үүнийг олон нийт маань ойлгох хэрэгтэй. Зөвхөн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн дунд л асуудлыг гаргаж тавьдаг. Үүнийг олон нийтийн дунд аваачиж тавьчихаад бүх хүнийг хамруулж яриад байж болохгүй.


- Нулимсанд хүйс байдаггүй гэдэг. Гэтэл манай монголчууд эрэгтэй хүнийг чанд хатуу байж, нулимсаа ховор үзүүлдэг байх ёстой гэж үздэг. Мөн хөвгүүддээ уйлах бол сул доройн тэмдэг гэж ойлгуулах хандлагатай байдаг. Үүний талаарх таны бодол ямар байдаг вэ?

-Монголчуудын уламжлалт зан заншлаар бол эрэгтэй хүүхдийг мэдрэмжээ ил гаргахгүй, өөр дотроо байлгаж сургах хэрэгтэй гэж үздэг. Тиймдээ ч тухайн хүүхэд дотогшоо чиглэсэн мэдрэмжтэй хүн болж өсдөг. Мөнхүү хар нялхаас нь “Эр хүн байж уйлах уу” гэсэн хандлагыг үргэлж мэдрүүлдэг. Гэтэл хүн л болсон хойно уйлна, инээнэ, гомдож тунина шүү дээ. Өнөөдөр бид иргэншлийн соёлд суралцаад нэлээд удаж байна. Тиймээс бусдыг хайрлах сэтгэлийн үүднээс хүний эрхийг үгүйсгэсэн зарим үзэл хандлага, доголдолтой ёс суртахууныг орхих хэрэгтэй. 


                                                                                                                                                                                       Г.Дөлгөөн 

 

Холбоотой мэдээ