Нью-Йоркийн биржийн гол индексүүд огцом унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-09-09 11:22:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд мягмар гарагт огцом унажээ.


Хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзэхэд, аж үйлдвэрийн “Dow Jones” индекс арилжаа дуусахад 637.17 пунктээр (-2,26 хувь) буурч, 27 496.16 пункт болсон бол АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс 3330.88 пункт болж, 96.08 пунктээр (-2,80 хувь) унажээ. Үүнээс гадна, “Nasdaq" цахим биржийн индекс 470.53 пункт буюу (-4.16) хувиар буурч, 10 842.60 нэгжид хүрсэн байна.


Технологийн компаниудаас “Apple” компанийн хувьцаа хамгийн их буюу 6.25 хувиар унасан бол “Google”-ийнх 3.59 хувиар, “Microsoft” компанийнх 5.12 хувиар, “Amazon” компанийн хувьцаа 4.39 хувиар, “Facebook”-ийнх 4.09 хувиар доошилсон байна.  Харин “Tesla” компанийн хувьцаа 21.06 хувиар унажээ. Тус компанийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “S&P 500” индекст оруулаагүй байна. Үүнтэй холбогдуулан “The Wall Street Journal” сонинд тэмдэглэснээр, ““Tesla”-г уг индекст оруулснаар биржийн ханш өснө гэж олон хөрөнгө оруулагч тооцож байжээ”.


Түүнчлэн WTI маркийн нефтийн 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ арилжаа дуусах явцад нэг торх нь 37.06 ам.долларт хүрч, буурсан байна. “CNN” телевизээр мэдээлснээр, эрчим хүчний салбарын компаниудын хувьцааны ханш  мөн огцом унажээ. Тодруулбал, “Marathon Oil” компанийн хувьцаа 7.99 хувиар, “Devon Energy” компанийнх 8.86 хувиар, “Occidental Petroleum”-ийнх 9.31 хувиар тус тус буурсан байна. “Эрчим хүчний компаниудын хувьцаа унаж байгаа нь юуны түрүүнд дэлхийн зах зээлд хэдий хэмжээний нефть хэрэгтэй болох вэ гэсэн болгоомжлолтой холбоотой юм. Цар тахлын үеэр олон хүн зорчих дургүй байгаа бөгөөд эрэлт хэзээ нэмэгдэхийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаа учир нисэх онгоцны түлшний эрэлт маш бага байна" гэж “CNN” телевиз онцлон тэмдэглэжээ.


Үүний зэрэгцээ алтны фьючерс хэлцлийн үнэ 0.31 хувиар буурч, нэг унц нь 1937.10 ам.доллар болсон байна.


Холбоотой мэдээ