Хуульчид хөдөөгийн багт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-01 15:57:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг хөдөөгийн багт ажиллууллаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчил, эрүүгийн нөхцөл байдлыг иргэдэд мэдээлэх, сумдын хэсгийн төлөөлөгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган танилцах зорилгоор ажилласан ажлын багт Шүүх, Прокурор, Цагдаагийн газрын алба хаагчид оролцож, Орхон, Бүрэгхангай, Могод, Гурванбулаг, Хишиг-өндөр, Дашинчилэн, Рашаант, Баяннуур сумын найман багт ажиллажээ. Хөдөөгийн 250 иргэнд аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, төлбөртэй мэдээлэл авах журам, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, шүүхэд мэдүүлэх эрх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал асуулгын хуудсаар саналыг авчээ.

            - Аймгийн урд бүсийн суманд ажлыг баг ажиллууллаа. Хууль сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхэд чухал ажлын нэг болж байна. Удахгүй хойд бүсийн сумдад хуульчдын баг ажиллана. Хууль сурталчлахаас гадна тухайн нутгийн захиргааны байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж авсан арга хэмжээ, сумын цагдаагийн ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, мөрөөр нь тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Холбоотой мэдээ