Багшлах эрхийн шалгалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-17 15:37:15

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар багшлах эрхийн батламж олгох шалгалтыг зохион байгууллаа. 

2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд шинээр багшаар ажиллах хүсэлтэй 110 хүн бүртгүүлснээс 101 нь 15 судлагдахуунаар шалгалтад орж 49 багш тэнцлээ. Шалгалтад тэнцсэн багш нар цаашид шаардлагатай ажлын байруудад ажиллах эрх нээгдэж байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

-“Батламж” шалгалтад тэнцсэн багш нар багшийн орон тоо сул байгаа тухайн байгууллагад өргөдөл гаргаж багшаар ажиллах боломжтой. Зарим мэргэжлийн багш нарын сул орон тоо нөхөгдөөгүй үлдэж магадгүй байгаа. Удахгүй багш нарын бага хурал хийж, шинэ хичээлийн жилийн зорилтоо дэвшүүлж, багшлах боловсон хүчний нөөцийг нарийвчлан тодорхойлно гэж аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярилаа.

Аймгийн  хэмжээнд Баян-Агт, Дашинчилэн, Орхоноос бусад сумын сургууль, цэцэрлэгт 17 мэргэжлийн 59 багшийн орон тоо сул байгаа аж. Цэцэрлэгийн бүлгийн багш, сургуулийн бага анги, хими, монгол хэл, уран зохиол, гадаад хэл, хими, биологи, физик, дизайн технологи зэрэг мэргэжлийн багш нар шаардлагатайгаас дийлэнх нь саяхан шалгалтад тэнцсэн багш нараас нөхөгдөх юм байна.

Холбоотой мэдээ