Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эхчүүд “Алдарт эх”-ийн одонгоо хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг эхчүүдэд
“Алдарт эх”-ийн одонг Төрийн ордонд гардуулав.
Чингэлтэй дүүргээс энэ жил нийт 478 ээж “Алдарт эх-ийн” одон хүртэж буйгаас нэгдүгээр зэргийн одонг 24, хоёрдугаар зэргийн одонг 454 ээж хүртжээ. Тэдний дотор 33 настай ихрүүд одонгоо зэрэг гардан авч байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Мөнгөнсувд өнөөдөр одонгоо авсан бол түүний ихэр М.Мөнхсувдын одонг Хэнтий аймагт гардуулах юм.
Олон хүүхэд төрүүлж
өсгөсөн эхчүүдэд одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны тавдугаар сарын 29-нд гарсан юм. Гэвч
дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон
гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 10.677, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9.957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулж байна.
Тэрээр 8 дугаар сарын 8-10-нд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллах үеэрээ тус аймгуудад амьдардаг ээжүүдэд одонг нь гардуулсан юм. Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 1021 эхэд гардуулсан. Өчигдөр УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн гэргий Ч.Хосжаргал нарын олны танил хүмүүсийн эхнэрүүд одон гардсан юм. Хамгийн өндөр настай нь 8 хүүхдийн эх, 88 настай Д.Цэнд байлаа.