Ж.Цолмон: Манай эрдэмтэд тархи судлалын үр дүнгээ дэлхийд танилцуулж байна

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2020-08-15 17:34:39

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон улсын тархи судлаачдын эрдэм шинжилгээний хурал манай улсад “Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан-2020” сэдвээр АШУҮИС-д болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй олон улсын хурлын талаар АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгоос тодруулав.


-Хуралд хэчнээн орны эрдэмтэд оролцож байна вэ? Энэ удаагийн хурлын онцлог нь юу вэ?

-ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Энэтхэг улсын болон ДЭМБ-ын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих холбооны тэргүүн зэргийн гадаадын эрдэмтэд оролцож,  17 илтгэл хэлэлцүүлж байна. Манай улсаас 16 илтгэл тавьж байна.

Энэ удаагийн хурлыг "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр “zoom” программ ашиглан явуулж байна. Гэсэн хэдий ч хамрах хүрээ өргөн болж байна. Монгол Улсын судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа ажлын хэсэгчилсэн үр дүнг дэлхий нийтэд танилцуулж байгаагаар энэ удаагийн олон улсын хурал онцлог болж байна.


Тархи судлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байна.


-Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх салбарын нэг болсон тархи судлалыг эх орондоо хөгжүүлэх талаар манай улс дотооддоо юу хийж байна? 

-Монголд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нь чухал байна. АШУҮИС нь төрийн өмчит, эрүүл мэндийн боловсрол олгодог ууган их сургуулийн хувьд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түүчээлэн оролцох ёстойг бид ойлгон ажиллаж байна Дан ганц оюутнуудын сургалтын төлбөрөөс бүрдэх ахархан төсвөөр тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг хэцүү.

Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого гаргаж чадсан улс орнууд маш хурдтай хөгждөг. Манай улс бусад улс оронтой өрсөлдөхүйц болохын тулд төрийн бодлого, зохицуулалтаар энэ шинжлэх ухаанд төсөв хөрөнгө хуваарилан хөгжүүлэх хэрэгтэй.

Бидний зүгээс эрдэмтэд, боловсон хүчнээ бэлтгэж, судалгаа, шинжилгээгээ явуулж байна. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд сураад ирсэн өөрсдийн эрдэмтэн нартаа сурч мэдсэнээ хэрэгжүүлэх тоног төхөөрөмж, лаборатори, судалгааны орчин алга байна. Монгол Улсад академик эрх чөлөө буюу судалгаа, шинжилгээ хийх эрх чөлөө байдаг гэж ярьдаг. Гэвч зөвхөн сэдэв сонгоод судалгаа хийхээс гадна судалгааг олон улсын түвшинд хийх орчин нөхцөл байхгүй нь академик эрх чөлөө учир дутагдалтай байгаагийн илрэл юм гэв.


Монголд тархи судлалын шинжлэх ухаан 2013 оноос хойш хөгжиж 2019 онд энэ чиглэлийн эрдэмтэд хамтран АШУҮИС-д “Тархи судлалын хүрээлэн”-г байгуулжээ. Цаашид Монголын тархи судлалын шинжлэх ухааны хөгжилд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй байгааг олон судлаач хэлж байна.

С.Туул

Холбоотой мэдээ