Рашаан сувиллуудын байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-12 17:11:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хужирт”, “Элма Хужирт” рашаан сувиллын байгальд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцлоо.

“Хужирт рашаан сувилал” ХХК, “Элма Хужирт” ХХК, “Ананд Хужирт” ХХК, “Тө, Ба, Сэ” ХХК нь ашиглалтаас гарч байгаа бохир усыг ил задгай урсгадаг нь газрын хөрсөнд нэвчиж, рашааны эх ундарга, чанарт сөргөөр нөлөөлөх, хүн, малын халдварт өвчин тархах хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын газар, сумын удирдлагаас удаа дараа шаардлага хүргүүлж, хариуцлага тооцож байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Энэ удаагийн шалгалтаар зориулалтын цэвэрлэх байгууламжгүй, үйл ажиллагаанаас гарсан бохир усаа ил задгай урсгасан зөрчил дахин илэрсэн тул байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, 37.6 сая төгрөгийг “Хужирт рашаан сувилал” ХХК-иар, 16 сая төгрөгийг “Элма Хужирт” ХХК-иар нөхөн төлүүлээд байна.

Холбоотой мэдээ