Э.Тамираа: Цаашид улсын цолонд хүрэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-11 10:45:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны  80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван түрүүлсэн тус аймгийн Бугат сумын харьяат, Онцгой байдлын газар, “Цамбагарав-Өгөөж” компанийн бөх аймгийн  арслан Энхболдын Тамираатай ярилцлаа.

Юуны өмнө аймгийнхаа баяр наадамд амжилттай барилдаж түрүүлсэн явдалд баяр хүргэе.

- Баярлалаа.

Хэдэн наснаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн вэ?

- Би 16 настайгаасаа үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Одоо 21 настай.

Бөхийн замналыг өөрийнхөө сонирхлоороо сонгосон уу? Эсвэл өөр хэн нэгэн нөлөөлсөн болов уу?

- Манай аав, мөн авга ах Энхбат нар бөх болоход минь нөлөөлсөн. Өөрөө бас багаасаа бөх барилдахыг мөрөөддөг байлаа.

Танай удамд бөхчүүд олон байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу.

- Тийм ээ. Манай ээжийн аав Д.Тогтох нь аймгийн заан цолтой хүн байсан. Нагац өвөөгийн дүү Д.Баакаа бас аймгийн заан цолтой байжээ. Баян-Өлгий аймгийн түүхэнд ах, дүү заанууд хэмээн ард олондоо хүндлэгдсэн хүмүүс юм. Тогтох, Баакаа нарын аав Дамбил гэдэг хүн аймгийн арслан цолтой байсан байна лээ. Нагац талаараа бөхийн удамтай.   

Бөхийн спортоор хичээллэхэд зааж сургадаг хүмүүс байгаа байх. Багш нарынхаа талаар ярьж өгөөч.

- Анхны багш маань Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй байгаа. Одоо Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангайн удирдлага дор бэлтгэлээ хийж байна.

Анхны цолоо хэзээ, хаана барилдаж авч байсан вэ?

- Анх 2017 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2018 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цолны болзлыг хангасан байгаа.

Богино хугацаанд амжилтаа ахиулж, 21 насандаа аймгийнхаа баяр наадмын түрүү бөхөөр тодров. Ийм амжилт гаргахад юу нөлөөлсөн гэж бодож байна?

- Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлан талархсанаа илэрхийлмээр байна. Дараа нь багш нарынхаа буянд л энэ жилийн наадамд түрүүлсэн гэж бодож байна.


Энэ жилийн наадмын хамгийн хэцүү барилдааныг нэрлэхгүй юу?

- Хамгийн хэцүү нь үзүүр түрүүний барилдаан байсан. Үзүүр түрүүнд Увс аймгийн Наранбулаг сумын харьяат бөх сумын заан Б.Батбаянтай үлдэж давсан даа.

Наадмын бэлтгэлээ хаана базаасан вэ?

- Бэлтгэлээ Ховд аймагт улсын харцага О.Хангай, аймгийн арслан Б.Баянмөнх нарын бөхчүүдийн хамт базаасан.

Наадмын өмнө түлүүлнэ гэж бодож байсан уу?

- Хүнд мэдрэмж гэж бас байдаг юм байна. Түрүүлэх юм шиг л санагдаад байсан. Мөн барилдааны өмнөх өдөр түрүүлж байна гэж зүүдэлсэн.

Цаашдын зорилго юу вэ?

- Урдаа том зорилго тавиад байгаа. Цаашид улсын цолонд хүрэхийг зорьж байна. Дээшээ үзэх л зорилготой. Бөхийн спортоор хичээллэхийн хажуугаар Үндэсний биеийн тамирын дээд сургуульд сурч байгаа. Сургуулиа амжилттай төгсөхийг бас хичээж байна.

Улсын, аймгийн хэмжээнд ямар бөхчүүдийг дэмжиж, хүндэлж явдаг вэ?

- Аймгаас бол улсын харцага О.Бахытыг маш их хүндэлдэг. Бас улсын начин Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа, аймгийн арслан М.Еркебулан гээд олон бөхчүүд байгаа. Түүнээс гадна улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, О.Хангай нарын багш нарыгаа хүндэлж явдаг юм.     


- Өөрийн чинь барилдааны онцлогийн талаар ярихгүй юу?

- Голдуу золгож барилддаг. Сүүлийн үед бэлтгэл сургуулилтаа ч шуудагны барилдаанаар базааж байгаа.

Улсын харцага О.Хангай багш чинь цаашид яаж барилд гэж зөвлөж байна?

- Багш маань олон зөвлөгөө өгч байгаа. Бүх талаас тусалж дэмждэг. Бид хоёр бусад бөхчүүдийн барилдааны бичлэгийг байнга харж судалдаг.

Ярилцлагынхаа төгсгөлд ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?

- Тусалж дэмжсэн ард түмэндээ,  багш нартаа баярлалаа гэж хэлье дээ.

Холбоотой мэдээ