Найман суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-11 10:03:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бэлтгэхээр шат дараалан сургалтад хамруулж, найман суманд багш бэлтгээд байна.

Аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн насны 441 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Сүүлийн гурван жилд ерөнхий боловсролын сургуульд танхимаар болон дүйцсэн хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй 113-156 хүүхэд суралцжээ. Энэ жил танхимд 90, дүйцсэн хөтөлбөрт 35 хүүхэд тус тус суралцаж, боловсрол эзэмшсэн байна. Цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 11-15 хүүхэд хамрагддаг аж. Аймгийн боловсрол, соёл урлагийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын таатай орчныг бүрдүүлэх, тэгш хамруулах, сургах, ажиллах хүний нөөцийг бэлтгэх анхаарч цэцэрлэгийн 22 багшийг "Тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэл"-ээр сургасан байна. Мөн “Жайка олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн болон Нэгдсэн үндэсний байгууллагын "Хүүхдийн сан"-тай хамтран зохион байгуулсан бүсийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг оролцуулжээ.

Холбоотой мэдээ