Улаанбаатар хотын авто замд 13 мянган метр.кв нүхэн эвдрэл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 17:38:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.


Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13 574 метр.кв нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай. Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 0,9 км авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Мөн 13, 14 дүгээр хороо, Өргөөгийн гудамжны авто зам, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлхийн авто замд 600 метр.кв нүхэн эвдрэлд орсон учир эдгээр авто замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм.


Өнгөрсөн өдрүүдэд нийт төвийн зургаан дүүрэгт үүссэн нүхэн эвдрэлийн засвар, шороо хучиж тэгшлэх, борооны ус соруулж зайлуулах, лаг шавар цэвэрлэх ажил зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Харин цаашид үүссэн нүхэн эвдрэл, үерийн далан дээрх явган хүний гүүрэн гарцын тулгуур, далан болон хөвөө, засвар шинэчлэлтийн ажилд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.



Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын засвар шинэчлэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, эх үүсвэрийн асуудлыг тодорхой болгох үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн авто замын засвар шинэчлэлийн ажлын явцад замын трасст өртсөн газар чөлөөлөх асуудлаар холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж, хэрхэн шийдвэрлэх асуудлаа дахин танилцуулахыг үүрэг болгосон.

Холбоотой мэдээ