Өвөлжилтийн бэлтгэл 61 хувийн гүйцэтгэлтэй байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-07 15:26:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. 2020-2021 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 40 нэр төрлийн ажил багтсан. Үүнд, Жаргалант суманд уурын зуух барих, орон сууцны болон гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх, авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх, дулааны шугамуудын бэлэн байдлыг хангах, гэр хорооллын айлуудыг түлшний модоор хангах ажил  багтжээ.

Өнөөдрийн байдлаар нийт төвлөсөн ажлын 61 хувь хэрэгжээд байна.

Мөн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 36 нэр төрлийн ажил туссанаас  аж ахуйн чиглэлээр 16, газар тариалангийн чиглэлээр 14, хүнсний чиглэлээр 2 ажил багтжээ.

Энэ жил аймгийн хэмжээнд 130 гаруй мянган толгой мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид 8000 тонн, Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр нөөцөндөө 50 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэнэ. Мөн аймгийн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэнэ.

Аймгийн хэмжээнд 10 гаруй аж ахуйн нэгж, 1000 орчим өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэд энэ жил 4371 га талбайд тариалалт хийнснээс  улаан буудай 3500 га-д, төмс 343 га-д,  хүнсний ногоо 313 га-д, тэжээлийн ургамал 200 га-д,  жимс жимсгэнэ 13 га-д тариалжээ.  Ингэснээр улаан буудай 5600 тонн, төмс 4111 тонн, хүнсний ногоо 3753 тонн, жимс жимсгэнэ 10 тонн, тэжээлийн ургамал  400 тонныг  хураан авахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ