АНУ-ын Эрүүл мэндийн сайд түүхэнд анх удаа Тайваньд айлчилна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-05 14:34:31

ХОНКОНГ./ТАСС/. Сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаа сайдаар удирдуулсан АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчлах гэж байгаа тухай Тайвань дахь Америкийн хүрээлэн /де факто ЭСЯ/ өнөөдөр мэдээллээ.  

Мэдээлэлд дурдсанаар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Алекс Азар Америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн Тайвань руу явах гэж байгаа нь сүүлийн 6 жилийн хугацаанд АНУ-ын засгийн газрын гишүүний хувьд анх удаагийн, ийм өндөр түвшний төлөөлөгчдийн хувьд 1979 оноос хойших анхны айлчлал ажээ.

2014 онд АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн тэргүүн Жин Маккарти Тайваньд зочилж байсан, гэхдээ түүний албан тушаалын эрэмбэ нь Эрүүл мэндийн сайдынхаас доогуур юм. “Сайд Азарын түүхэн айлчлал нь АНУ-Тайванийн түншлэлийн харилцаа ба цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэж мэдээлэлд дурджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, цар тахлын үед Тайванийг ДЭМБ-д ажиглагчаар элсүүлэхийг А.Азар идэвхтэй дэмжиж байгаа аж. Хятад улсын эсэргүүцлийн улмаас Тайвань ДЭМБ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болоод байгаа билээ.   

АНУ-ын сайдын айлчлал нь Хятадын эрх баригчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна. АНУ 1979 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалсан боловч тус аралд зэвсэг техник нийлүүлсээр байгаа юм. Харин Хятадын тал Тайваниас хэлхээ холбоогоо тасалж, “нэг Хятад”-ын бодлого баримтлахыг АНУ-д уриалсаар байна.

Гэтэл 2018 оны 3 дугаар сард Д.Трамп “Тайваньд зорчих” тухай хуулийг баталсан нь АНУ, Тайваний бүх түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлалуудыг дэмжсэн алхам болжээ. Эрүүл мэндийн сайд А.Азарын айлчлал нь хууль батлагдсанаас хойших анхны айлчлал юм.

 

Холбоотой мэдээ