Г.Ёндон: Зардлыг багасгаж, бүтээмжийг нэмэх нь бидний гол зорилго

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-08-03 15:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Салхитын мөнгө-алтны ордын төслийн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК эзэмшиж, энэ онд ордын нөөцийг нэмэгдүүлэхээр геологийн хайгуулын ажлыг гүйцэтгэжээ. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон тус ордын үйл ажиллагаатай танилцах үеэр Салхитын ордын үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан мэдээллээ. "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК нь 108 ажилтан, туслан гүйцэтгэгч 5 компанийн 229 ажилчинтайгаар төсөлд нийт 337 ажилтан, үүнээс орон нутгийн 16 хүн ажиллаж байна. Мөн гэрээт 18 компани хамтран ажиллаж байна.


Тус ордын нөөц 2015-2016 онд нэмэлт хайгуул хийснээр:

  • 2.7 сая тонн хүдэрт
  • 300.11 г/тн агуулгатай,
  • 832.2 мянган тонн мөнгөний нөөцтэйг тогтоон баталгаажуулж улсын нөөцөд бүртгүүлжээ. 

Улмаар баяжуулах үйлдвэрээ 2016 онд байгуулжээ. Үйлдвэр нь

  • Хоногт 1.0 мянган тонн, жилд 300.0 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай,
  • Энэ оны 3-5 дугаар сар хүртэл хугацаанд барилга, үндсэн болон туслах тоног төхөөрөмж 80 хувийн эвдрэлтэй байсныг сэргээн засварлаж,
  • Мөн өнгөрсөн 6, 7 дугаар сард 70-80 хувийн хүчин чадалтай ажиллаж,
  • 32.0 мянган тонн хүдэр боловсруулж,
  • 532 тонн баяжмал үйлдвэрлэснийг Салхитын мөнгө алтны ордын үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан танилцууллаа.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон орд болон үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны дараа ажилчидтай уулзан томоохон төслийг гүйцэтгэж буйд амжилт хүсээд, "Энэ төсөл олон хүний анхаарлын төвд байдаг. Нийгэмд их хүлээлт үүсгэснийг та бүхэн мэдэж байгаа. Төслийн үйл ажиллагааг бид найдвартай чанартай явуулах нь та бидний үүрэг. Бидний хувьд уурхайн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь зүгээр үзээд хараад өнгөрөх биш тулгамдсан асуудлыг шийдэж бүх талын зөвлөгөө, дэмжлэг, тусламж өгөх нь чухал" байна гэдгийг онцлов.


Тэрээр, "Бид хэдий чинээ гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргана төдий чинээ ашиг орлого олно. Бидний гол зорилго бол зардлыг аль болох багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой" гээд яамны зүгээс бүх талаар ойр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дундговь аймгийн Гурван сайхан суманд орших тус ордын ажилтай танилцахад УУХҮ-ийн сайд Г.Ёндонг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс дагалдлаа. 



Холбоотой мэдээ