Их Британид коронавирусийг 90 минутад оношилно

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-08-03 12:01:02

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирус, томууг 90 минутад илрүүлдэг оношлуурыг ирэх долоо хоногоос асрамжийн газар, лабораториудад нэвтрүүлэхээр болжээ.


“Газар дээр нь оношлох” арчдас, ДНХ-ийн шинжилгээ нь “COVID-19”-ийг улирлын шинжтэй бусад өвчнүүдээс ялгахад тусална гэж Их Британийн Засгийн газар мэдээлсэн байна. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, энэхүү оношлуур нь өвлийн улиралд ихээхэн үр дүнтэй ажээ.


Одоогийн байдлаар шинжилгээний хариунуудын дөрөвний гурав нь 24 цагийн дотор гарч байгаа бол үлдсэн хариу хоёр хүртэлх хоногийн дотор гарч байгаа юм.


Засгийн газар оношлуурын тоо улам хязгаарлагдмал болж буйг өнгөрсөн долоодугаар сард мэдэгдээд, асрамжийн газрын ажилтнууд, өндөр настнуудыг тогтмол шинжилгээнд харуулах зорилтыг тавьсан ажээ.


Ийнхүү ирэх долоо хоногоос хагас сая орчим шинэ түргэн арчдасан оношлуурыг асрамжийн газрууд, лабораториудад хүргэх бөгөөд оны эцэс гэхэд олон саяыг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.


Үүний зэрэгцээ ДНХ-ийн оношлуурын олон мянган төхөөрөмжийг Лондон хотын найман эмнэлэгт хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд хамрын арчдас шинжилдэг төхөөрөмжүүдийг ирэх есдүгээр сараас Үндэсний эрүүл мэндийн газрын эмнэлгүүдэд нийлүүлэх ажээ.


Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок коронавирусийг илрүүлэх чиглэлд гарсан сүүлийн үеийн шинэ инновацуудыг “хүний амь насыг аврагч” хэмээн тодорхойлжээ. Түүний мэдээлснээр, шинэ түргэн оношлуур нь шинжилгээний хариуг 90 минутын дотор гаргах тул халдварын гинжин хэлхээг түргэн хугацаанд таслахад хувь нэмрээ оруулах ажээ. 

Холбоотой мэдээ