Цагдаагийн газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 21:42:50

Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярын хүрээнд орон даяар цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас Нээлттэй хаалганы өдөрлөгийг “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэж, Аюуш баатрын талбайд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярыг угтан аймгийн Цагдаагийн газраас байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тус ажлуудын нэг нь энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа.

Өдөрлөгөөр Цагдаагийн байгууллагад хэрэглэгддэг техник хэрэгслүүд болон он оны түүхийг харуулсан үзүүлэнгүүдээр үзэсгэлэн гаргасан ба иргэдэд замын хөдөлгөөний болон тээврийн хэрэгслийн талаар зөвлөгөө өгсөн юм. Мөн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх авахад бүрдүүлэх бичиг баримт, галт зэвсгийн гэрчилгээ олгох, нөхөн өгөх, шилжүүлэг хийлгэх зэрэг цагдаагийн байгууллагын тасаг бүрийн үйлчилгээг иргэдэд хүргэв.

Түүнчлэн Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас тээврийн хэрэгслээ саатуулсан болон жолооны үнэмлэхээ хураалгасан жолооч нарт зөвлөгөө өгч холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

 

 

Холбоотой мэдээ