27 суманд авто тээврийн үзлэг оношилгоо хийгдэж дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 13417 орчим тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношилгоонд хамрагдсан бөгөөд тус аймгийн 27 суманд үзлэг оношилгоо хийгдэж дуусчээ.
Аймгийн Авто тээврийн
газарт 20 гаруй мянган автомашин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд
үүнээс 15-16 мянган тээврийн хэрэгсэл жил бүр тогтмол үзлэг оношилгоондоо ордог аж. Өнгөрсөн жил 13518 орчим тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг
оношилгоонд хамрагдсан байна.
Тус аймгийн 27 суманд хийгдсэн авто тээврийн үзлэг оношилгоонд тэнцээгүй
тээврийн хэрэгсэл нийт 33 байгаагаас өнгө үзэмж 19, тормос 22, тэнхлэг тохиргоо
20, гэрлийн тусгал 21, утаа ихтэй 13, дуу чимээтэй 11 гэх зэрэг үзүүлэлтээр тэнцээгүй
гэж аймгийн Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Энхболд хэллээ.
Мөн Зуунмод сумын авто тээврийн үзлэг оношилгоо энэ он
дуустал үргэлжлэх аж.
Ташрамд, Автотээврийн
үзлэг оношилгоог хаана ч хүссэн газраа жилд нэг удаа заавал хийлгэх ёстой
байдаг. Тиймээс аймгийн зарим тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хот болон
бусад аймагт үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Мэдээж иргэн бүр тээврийн
хэрэгсэлтэй бол татвараа төлж тухайн жилдээ заавал үзлэг оношилгоондоо
хамрагдахыг уриалж байна.