Аварга тосонд авралын гарц хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-23 11:55:17

Хэнтий /МОНЦАМЭ/. Аварга тосонгийн рашаан сувиллыг ажиллуулахгүйгээр өнжөөж байна. Учир нь арвин түүхийн өлгий, анагаан тэтгэх увдистай Аварга тосонд авралын гарц хэрэгтэй байна.

Хэрлэнгийн хөдөө арал дахь Их Монгол Улсын анхны нийслэл болох Аварга тосонгийн байгалийн сайханд аялж, нуурын рашаан, шаврын эмчилгээнд орохоор жил бүрийн 6-8 дугаар сард 30 мянган хүн, 7000 орчим тээврийн хэрэгсэл ирдэг гэх судалгаа бий. Жуулчдын хөлд дарагдсанаар Аварга Тосон нуур, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлжээ.

Хоёр нуурын ус татарч, экологийн доройтолд орж эхэлсэн учраас Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр энэ жил амралт сувиллын үйл ажиллагаа явуулахгүйгээр өнжөөж байна.

Тосон болоод Аваргын нуурууд хур тунадас болон газрын гүний усаар холбоотой. Харин гурав дахь нуур зөвхөн хур тунадсаар тэжээгддэг учир хуурайшилтын улмаас ширгэж хатсан байдаг. Рашаан нуур нь олон мянган жилийн настай өндөр эрдэсжилттэй, олон төрлийн органик бодисыг агуулдаг. Элсэн дээрх газрын гүний усны ундаргаар тогтсон байгалийн рашаан юм. Нуурын эрэг, эргэн тойрондоо бүхэлдээ эрдэсэжсэн элсээр хүрээлэгдсэн эрүүлжүүлэх ач холбогдол бүхий байгалийн наран шарлагын газар юм. Нуурын доор байх эмчилгээний шаврын үргэлжлэл болох эргийн элс гээд аль ч насны бүх хүнд зориулсан эрүүл мэндийг бэлэглэгч байгалийн цогцолбор газар юм хэмээн Дэлгэрхаан сумын ИТХ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ