Токиогийн Олимпыг зохион байгуулах эсэх нь вакцинаас ихээхэн хамаарна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-07-22 14:17:51

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах эсэх шийдвэрийг гаргахад коронавирусний вакцин, эмчилгээ нь голлох нөлөө үзүүлнэ гэж тус Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мэдээлжээ.


Ё.Мори Олимпын наадмын нээлт болохоос яг нэг жилийн өмнөх өдөр пүрэв гарагт болж буйг тохиолдуулан “NHK” сувагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлжээ. Токиогийн Олимп цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон юм.


Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнээс одоогийнхтой ижил нөхцөл байдал үргэлжилсээр байвал наадмыг зохион байгуулах эсэх талаар асуужээ.


Уг асуултад Ё.Мори, хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байвал наадмыг зохион байгуулах боломжгүй гэж хариулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр шийдвэр гаргах эрх Олон улсын олимпын хороонд бий гэдгийг дурдаад, урьдчилан таамагласан асуултад хариулах нь зохимжгүй байна гэж хэлсэн байна.


Мөн тэрбээр одоогийн нөхцөл байдал жилийн дараа гэхэд хэвээрээ байна гэж бодохгүй байгаагаа илэрхийлээд, коронавирусийг хяналтад авах эсэх нь вакцин, эмчилгээг гарган авах үйл явцаас шууд хамаарна гэж хэлжээ.


Ё.Моригийн хэлснээр, Олимпын наадмыг ирэх жил зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахад бэрхшээлтэй ажээ. “2028 он хүртэлх Олимпын наадмыг зохион байгуулах хотуудын нэр хэдийн гарсан. 2022 оны өвлийн наадам Бээжинд, 2024 оны зуны наадам Парист болно. Парис өөрийн ээлжээ Токиод өгнө гэж бодохгүй байна” гэж тэрбээр ярьсан байна.


Зардлыг бууруулж, халдвараас сэргийлэхийн тулд үзэгчдийн тоог цөөрүүлэх төлөвлөгөөний талаар түүнээс лавлахад, энэ тухай ярихад амархан боловч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж хариулжээ. Түүний хэлснээр, Япон үзэгчдийн тоог хязгаарлах гэх мэт үндэслэлтэй шалгууруудыг гаргах шаардлагатай ажээ.


“Одоогийн байдлаар зохион байгуулагчид наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар хэлэлцээгүй байна. Өөр сонголт үлдээгүй тохиолдолд л ийм шийдвэрийг гаргана. Түүнчлэн ийм шийдвэр гаргахад хүрвэл наадмыг цуцлах асуудал ч хөндөгдөж болзошгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Ё.Моригийн мэдээлснээр, Олимпын наадмыг зохион байгуулах эсэх нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлэх эсэхээс хамаарах ажээ. 

Холбоотой мэдээ