Тосонцэнгэлийн Хожуулын голын хөндийд тарвага нутагшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-17 20:09:35

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Тосонцэнгэл сумын Хожуулын голын хөндийд тарвага сэргээн нутагшуулж эхэлжээ.

Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс Тарвагатай нурууны монгол тарваганы популяцын тархалт тасархайталд орж, тоо толгой эрс цөөрсөн учраас тус нурууны нутагт хамаарах Тосонцэнгэл сумын Хожуулын голын хөндийд Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийжээ. Тус ажлыг Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэн, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд хамтран зургаа долоодугаар сард зохион байгуулжээ. Монгол тарвага нутагшуулах газар нутгийг сонгохдоо өнөөгийн цөөн тоотой үлдэж хоцорсон тарваганы популяцид ойртуулжээ. Түүнчлэн тарвага тархан байршиж байсан, байгаль хамгаалагч болон нутгийн иргэдийн хараа хяналт тавих боломжтой. Цаашид тоо толгой нэмэгдсэн тохиолдолд тархцаа нэмэгдүүлэх боломжтой гэх мэт нөхцөлийг харгалзан үзэж нутагшуулах ажлыг зохион байгуулсан тухайгаа судлаач, мэргэжилтнүүд дуулгалаа. Ер нь амьтан сэргээн нутагшуулах нь олон талын ач холбогдолтой байгаль хамгааллын чухал хэлбэр болж хөгжөөд байна. Тарвага нүхэнд амьдардаг учраас хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайн нөлөөлдөг. Зарим бүс нутгийн  биологийн олон янз байдлын нэг чухал гишүүний хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойн зэрэгцээ  идэш тэжээлийн хэлхээнд чухал гишүүнд тооцогддог тухай судлаач мэргэжилтнүүд энэ үеэр ярьж байв.  

Нутгийн иргэд сэргээн нутагшуулсан тарвагаа өөрсдөө хамгаална

Нутагшуулсан тарвагыг хамгаалах, мониторинг хийх ажлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар төслийн Биологийн олон янз байдлын хамгааллын зөвлөх А.Баясгалангаас тодруулав.

-Тарвага сэргээн нутагшуулах ажиллагаа боллоо. Нутгийн иргэд хэр бэлгэшээж хүлээж авч байна вэ?

-Аливаа ан амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах үр дүнтэй арга нь орон нутгийн нөхөрлөл, малчдын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хийх явдал байдаг.  Нөгөө талаас амьжиргааны гол үүсвэр болох мал аж ахуйгаас болон байгалийн баялгаас ашиг шим хүртэхийн тулд хүрээлэн байгаа байгаль орчин,  биологийн олон янз байдлын хамгаалалд малчид нутгийн иргэд  өөрсдөө голлон оролцох ёстой юм. Үүнийгээ ч нутгийн иргэд маш сайн ойлгож байгаль орчноо хамгаалах идэвх эрс сэргээд байгаа нь сайшаалтай.

-Эдгээр тарвагыг зөвхөн байгаль хамгаалагч гэлтгүй нутгийн иргэд мөн хамгаалах уу?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн иргэд сэргээн нутагшуулсан эдгээр тарвагаа өөрсдөө хамгаалахаар зохион байгуулалтад орж эхэлсэн. Тарвага болон бусад амьтны амьдрах орчныг хамгаалах ажлыг энэ газар нутгийн эдгээр малчид,  нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийнэ. Мөн тухайн нутаг дэвсгэрт ажиглалт явуулах зорилгоор автомат камер суурилуулан хянана.  Ингэснээр хууль бусаар ашиг хонжоо хайгч хүмүүсээс бүрэн хамгаалж чадах юм.


-Танай төсөл зорилтот нутгийн иргэдийн оролцоог түшиглэж төслийн хэрэгжилтээ хангана гэж байсан?

-Тийм ээ. Төсөл маань байгаль хамгааллын үйл ажиллагааг орон нутгийн иргэдийн санал, санаачилга идэвх чармайлт дээр түшиглэн тэдний шууд оролцоотойгоор хэрэгжүүлэхийг чухалчилж байгаа. Энэ ажлын хүрээнд тухайн нутагт байгаа амьтан, ургамлуудын зүйлүүдийг танин мэдэх, тэдгээрийн үнэ цэнэ, хамгааллын ач холбогдлыг нутгийн иргэдэд ойлгуулан тэдэнд түшиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Үр дүн ч сайн харагдаж эхэлсэн. Ер нь манай төсөл нь бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийн үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгон чадавхыг бэхжүүлэх зорилттой. Мөн бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн биологийн олон янз байдлыг хамгаалах замаар газрын доройтол/цөлжилтийг бууруулж, экосистемийн үйлчилгээг өргөжүүлэх. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар  биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах. Мэдээлэл, мэдлэг солилцох, түгээх болон хяналт шинжилгээ, жендерийн асуудлыг бүх түвшинд авч үзэх тогтолцоог хангах зорилттой юм.


Холбоотой мэдээ