Төв аймаг байгуулсны түүхт 97 жилийн ойн баярын хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-11 10:23:48


Төв / МОНЦАМЭ/. Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойн Баярын хурал Монгол туургатан театрт боллоо.

Баярын хуралд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон Зуунмод сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл хурлыг нээж үг хэлэхдээ "Төв аймаг 2019 онд мал сүргээ 4.9 сая толгойд хүргэж, улсад дөрөвт; үүн дотроо адуун сүргийн тоогоор улсад 1-рт байрт орсон. Мөн Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд 91.7 мян.тонн үр тариа, 105 мян.тонн төмс, 14.5 мян.тонн хүнсний ногоо, 46.3 мян.тонн малын тэжээл хураан авч, төмс, тэжээлийн ургамлын амжилтаар улсдаа тэргүүлсэн билээ. Өнгөрсөн оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж нийт 99.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаран улсдаа тэргүүлэн ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Төв аймгийг 2019 оны “Шилдэг аймаг”-аар шалгаруулсан юм" хэмээн онцлов.

Мөн Баярын хурлын үеэр аймагт орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан салбар салбарын төлөөлөл ажилтан албан хаагчдыг Төрийн дээд одон медаль, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ