Елбасы буюу удирдагч
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын өнөө үед улс орнуудын байдал хүндэрч, халдвар авсан
хүний тоо бараг 10 саяд хүрээд байна. Тодорхойгүй нөхцөл байдал үүсэж цаашид яахыг эрдэмтэн мэргэд, судлаачид ч хэлж
мэдэхгүй таамаглал дэвшүүлэхээс
хэтрэхгүй байгаа. Дэлхий даяараа хүлээлтийн байдалд орж өнгөрсөн хугацаанд бид чухам юун дээр алдсанаа
тунгаан бодох хугацаа олгох мэт.
1991 оны 12 рдугаар сард Зөвлөлт Холбоот Улс
задрахад дэлхийн улс төрийн нөхцөл байдал цаашид яаж өрнөх нь тодорхойгүй яг одоогийн
цар тахлын үетэй тун ч төстэй байсан. Ялангуяа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг
байсан улс орнууд нэлээд хүнд асуудлуудтай тулгарсан бөгөөд Казахстан ч мөн
ялгаагүй.
Тэр үед буюу 1991
оны 12 дугаар сард Нурсултан Наазарбаев тусгаар
тогтнолоо дөнгөж зарлаад байсан улсыг
удирдахаар болсон юм. Төрийн
эрхийн төлөөх тэмцэл ч ширүүн байсан үе хэмээн тэртээх өдрүүдийг сайн санаж буй
гэрчүүд бичсэн байдаг. Эдийн засгаа
босгохоос эхлүүлээд тоо тоймшгүй олон тулгамдсан асуудлыг шийдэх амаргүй
үүрэг Нурсултан Назарбаевт оногдсон. Хамгийн гол нь эх орон, ард иргэдийнхээ
өмнө хүлээсэн хариуцлага. Ийм хүнд байдалтай улс орныг удирдана гэдэг хүн дурлаад байх ажил биш.
Харин тэртээх 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг эргэн
харваас Казахстаны эдийн засаг хөл
дээрээ баттай зогсож, улс төрийн хувьд тогтвортой болсон. Өөрөөр хэлбэл, бараг 30 жилийн дотор Бүгд
Найрамдах Казахстан Улс чамгүй амжилтад
хүрч, хөгжилдөө томоохон ахиц дэвшил гарсан гэдэг нь илт харагдана. Газар нутгийн хувьд дэлхийд
нэлээд дээгүүр бичигддэг, хэдэн саяар тоологдох хүн амтай орныг ийм болгон хөгжүүлэхэд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан
Назарбаевын оруулсан хувь нэмэр маш их. Улс орноо хэрхэн хөгжүүлсэн ганц хоёр
жишээг дурдъя.
Казахстан бол газрын тос болон бусад ашигт малтмалын
ордоор баян улс. Уур амьсгал, нүүдэлчид болохоор амьдралын хэв маягийн хувьд
монголчуудтай тун төстэй . Тус улс нь өнөөдөр зөвхөн нефть олборлолтын салбараас
гэхэд чамгүй орлого олдог болсон. Харин
тусгаар тогтнолоо зарлаж байх 1990-ээд оны эхэн
үед уг салбар дөнгөж хөгжиж эхэлж
байлаа. ЗХУ задарч Москвагаас ирдэг
санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг бүгд зогссон. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтыг
татаж зангидсан гар мэт нэгэн зүгт хөдлөх нь чухал байлаа. Казахстаны анхны
Ерөнхийлөгчийн удирдлага дор энэ ажлыг
амжилттай хийсний үр дүнд өнөөдөр тус улсын төсвийн 44 хувийг газрын тос, хий
олборлолтоос олсон ашиг бүрдүүлдэг. Казахстан 2018 онд гэхэд 72.5 сая тонн
газрын тос экспортолсон гэсэн статистик тооцоо бий.
Казахстаны зүүн-хойд нутагт нийслэл хотыг шинээр барьж
байгуулсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг дурдахгүй байхын аргагүй. Анх
Астана хэмээн нэрлэж хожим нь санаачлагчийнх нь нэрийг өгч Нур-Султан болгосон. 1998 онд
Н.Назарбаев элсэн цөлд орших Целиноград хотын суурь дээр шинэ нийслэл байгуулах тогтоол баталж байсан
түүхтэй. Шинэ нийслэлийг босгоход Казахстаны анхны Ерөнхийлөгч нэлээд анхаарал
хандуулсан. Түүний санаачилга, удирдан зохион байгуулалт дор шинэ хотыг
босгосон тул Касым-Жомар Токаев төрийн
тэргүүний албыг хүлээн авч тангараг өргөхдөө нийслэлээ Нур-Султан хэмээн нэрлэхийг санал болгосон болов уу. Өнөөдөр Нур-Султан нь
нэг сая гаруй оршин суугчтай, орчин үеийн барилгууд сүндэрлэсэн хот болсныг
өөрийн нүдээр үзсэн хүмүүс ярьдаг. Казахстаныг хөгжүүлэхийн тулд юу хийж, ямар
бэрхшээлийг хэрхэн туулсныг Н.Назарбаев
“Казахстаны замнал” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.
Нурсултан Назарбаев Казахстаныг бараг 30 жил удирдсан. BBC агентлагийн бичсэнээр, анхны Ерөнхийлөгч төрийн тэргүүний албаа
шилжүүлэн өгөх бэлтгэлийг 2016 оны сүүлчээс эхлүүлсэн гэдэг. Ингэхийн тулд
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нэг үгээр хэлэхэд улс төрийн нөхцөл байдлыг
тогтвортой байлгах бүх л нөхцөлийг бүрдүүлсэн. Казахстанд орос, узбек, уйгар, герман, татар
гээд маш олон үндэстэн амьдардгаас гадна нөлөө бүхий олон отог омогтой. Тэдний
хооронд санал зөрөлддөг асуудал ч цөөнгүй. Ийм нөхцөлд улс орны тогтвортой
байдлыг хангана гэдэг амаргүй. Ямар ч арга хэрэглэсэн байсан үүнд хүссэн
хүсээгүй анхны Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүргийн талаар онцлохгүй байхын
аргагүй.
Нурсултан Назарбаев энэ 7 дугаар сарын зургааны өдөр 80
нас хүрнэ. Төрийн тэргүүний ажлаа сайн
дураараа хүлээлгэн өгсөн хэдий ч өнөөдөр Казахстаны Үндэсний Аюулгүй Зөвлөлийн
тэргүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэрээр өнгөрсөн 2019
оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр албан ажлаа өгөх болсон тухайгаа гэнэт мэдэгдэхэд
янз бүрийн цуу яриа гарсан. Назарбаевын ууган охин Даригаг олон жилийн
туршид эцгийнхээ халааг авахаар бэлтгэгдэж байгаа хэмээн ихэд шүүмжлэлтэй
хандаж гэр бүлээрээ засгийн эрхийг барих нь хэмээн хэвлэлээр бичиж байлаа.
Тиймээс ч Касым-Жомар Токаевт төрийн
тэргүүний албаа хүлээлгэн өгсөн явдал олон хүний гайхширлыг төрүүлж харин
Дарига Назарбаева 2019 оны 6 дугаар сард болсон Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй
гэдгээ мэдэгдсэн. Засгийн эрх уламжлагдсангүй.
Казахстаны анхны Ерөнхийлөгч албан ажлаа өөрийн хүсэлтээр
хүлээлгэн өгөхдөө, яагаад ийм шийдвэр гаргаснаа маш тодорхой тайлбарлаж улс орны
тогтвортой байдал, ард иргэдийнхээ ирээдүйд сэтгэл зовнисон гэдгээ онцлон
дурдсан билээ. Харин тогтвортой байдлыг
алдагдуулалгүй засгийн эрхийг шилжүүлсэн
энэ туршлагыг ОХУ-д ч хэрэгжүүлж магадгүй хэмээн Оросын Улс төрийн технологийн
хүрээлэнгийн орлогч дарга Алексей Макаркин онцолсон байдаг.
Цар тахлын энэ үед улс орны эрх баригчид тогтвортой байдлыг хангахад хамгийн их анхаарч байна. Ийм л үед улс орны удирдлага ямар байгааг сорьсон маш том шалгуур болдог.
Ингэхийн тулд үндсэн хөрс буюу олон жилийн
туршид хэрэгжүүлж ирсэн бодлого суурь нь болж өгдөг. Суурь ямар байхаас бүх юм
шалтгаална. Тэгвэл Нурсултан Назарбаев 30 жилийн туршид Казахстаны Бүгд Найрамдах
Улсыг удирдахдаа бат бөх суурь тавьж өгч
чадсан байна. Тиймээс ч ийм хүнд хэцүү
үед одоогийн эрх баригчид барьж
алдалгүй, хэтийн хөгжлийн хөтөлбөрөө
үргэлжлүлэн баримталж байна.
Казахстаныг ийм
хөгжилд хүргэхэд алдаа оноо ч байсан
гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй гэдэг үг
бий.
Улс орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн
үүргээ нэрт төртэй биелүүлж, хамгийн гол нь хийсэн ажлынх нь үр дүн илэрхий байгаа нь хамгийн том
бахархал. Нурсултан Назарбаев 80 насныхаа ойг ийм л амжилтаар угтаж байгаа юм.
Тиймээс Казахстаны анхны Ерөнхийлөгчийг Елбасы хэмээн
хүндэтгэн нэрлэдэг байх. Елбасы гэдэг нь
орчуулбаас ерөнхийлөгч гэсэн утгатай үг.
Мөн үндэсний удирдагч гэсэн санааг ч агуулдаг аж. Улс орныхоо төлөө хийж
бүтээснийг нь үнэлэн, эрдэмтэд, судлаачид нэлээд ярилцсаны эцэст Нурсултан
Назарбаевыг Елбасы хэмээх болсон нь ийм учиртай аж.