Австрали, Шинэ Зеланд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-06-26 14:53:52

КАНБЕРРА. /BBC Sport/. Австрали, Шинэ Зеланд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ хамтран зохион байгуулна гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ мэдээллээ.


Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан Бразил, Япон өрсөлдөөнийг орхисноор хамтран зохион байгуулахыг эрмэлзэж буй Австрали, Шинэ Зеланд болон Колумби өөр хоорондоо өрсөлдөхөөр тунан үлдсэн юм.


2023 оны ДАШТ-д анх удаа 32 баг өрсөлдөх бөгөөд одоогийнхоос наймаар нэмэгдэх юм. Энэхүү тэмцээнийг 2023 оны долдугаар сараас наймдугаар сард зохион байгуулахаар товложээ.


“Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 2023 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөлөө. Хүчин чармайлт гаргасан улс орнуудад талархал илэрхийлье” гэж “FIFA”-гийн тэргүүн Жианни Инфантино мэдэгдсэн байна. 


ДАШТ-ий тэмцээнүүд Австралийн найман цэнгэлдэх хүрээлэнд, Шинэ Зеландын таван цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ. 

Холбоотой мэдээ