Коронавирустэй амжилттай тэмцэж буй Монголчууд сонголтоо хийж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-24 15:52:04

УЛААНБААТАР. /New York Times/. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад өнөөдөр парламентын сонгууль болж байна. АНУ-ын холбоотон тус улс нь авторитар засаглал бүхий БНХАУ, ОХУ-ын дунд оршдог юм.


Монгол Улс коронавирусний эсрэг амжилттай тэмцэж байгаа энэ үед сонгуулийн санал хураалт болж байгаа бөгөөд тус улсад “COVID-19” халдварын 215-хан тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр тохиолдол нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Санал авах байрууд лхагва гаргийн өглөөний 7 цагт нээгдсэн бөгөөд оройны 22 цагт хаагдана. Сонгуулийн эцсийн дүнг пүрэв гарагт танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд мягмар гарагт зөөврийн хайрцгаар зарим хүний саналыг авчээ.


Коммунист үзэл суртлыг 60 гаруй жилийн турш баримталж ирсэн Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж, түүнээс хойш 30 жилийн турш ардчилсан тогтолцоог хадгалсаар иржээ. 2016 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 65-ыг авсан Монгол ардын намын хувьд дахин олонхын суудал авахыг зорьж байгаа бол гол өрсөлдөгч Ардчилсан нам ч мөн алдсан байр сууриа эргүүлэн авахыг эрмэлзэж байна. Улсын хэмжээнд 29 тойрогт 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд тойрог бүрээс 2-3 нэр дэвшигч тодрох юм.


Хотын бүсэд хүчтэй өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотод нэг дүүрэгт 28 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Далайд гарцгүй Монгол Улс нь байгалийн баялагийн арвин нөөцтэй боловч түүхий эдийн үнийн уналт, Засгийн газар болон “Rio Tinto” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хооронд олон нийтийн анхаарлыг татсан маргаан үүссэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учирчээ. Монгол Улс халдварын эсрэг амжилттай тэмцэж байгаа хэдий ч цар тахлын улмаас эдийн засаг агших төлөвтэй байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.


Авлигын асуудал болон улсын өр 23 тэрбум орчим ам.долларт буюу жилийн эдийн засгийн гарцаас хоёр дахин өндөр хэмжээнд хүрсэн нь эдийн засагт тулгамдсан асуудал болжээ. Үүний улмаас Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгаагаас гадна орлогын тэгш бус байдал, хээл хахууль зэрэг асуудлууд нь бусад намаас нэр дэвшигчдийн сонгогдох магадлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж магадгүй байгаа ажээ.


Монгол Улс коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээр сараас хилүүдээ хаажээ. Халдвар илэрсэн хүмүүсийн дийлэнх нь ОХУ болон бусад орноос ирсэн монголчууд байгаа юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан 158 хүн эдгэрсэн бол 57 хүн эмчлүүлэн тусгаарлагдаж байгаа ажээ.


МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Сиэтл хотоос лхагва гарагт 250 гаруй монгол иргэн эх орондоо эргэн ирсэн бөгөөд тэднийг бүгдийг нь тусгаарлаж, шинжилгээ авна.


Монгол ардын намын гол нэр дэвшигчдэд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Б.Бат-Эрдэнэ нар багтаж байна. 

Холбоотой мэдээ