Казахстанаас ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-23 11:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 426 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 26, 31 настай бөгөөд давтан шинжилгээний хариу нь эерэг гарчээ.


Харин өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр иргэд ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн 19-24 насны оюутнууд юм. Тэднийг 40 хоног эмчилжээ.


Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 215 бүртгэгдсэнээс 158 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 57 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 51 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх хүндэвтэр байна.



ХӨСҮТ-д одоогоор 106 хүн тандалт, эмчилгээнд байна. Тус төвийн эмч нар АНУ-аас маргааш ирэх тусгай нислэгийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа аж.


Өчигдөр ажиглах байранд тусгаарлагдсан 181, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21, Увс аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч, Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Холбоотой мэдээ