Монгол зөгийн бал экспортын шинэ бүтээгдэхүүн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-06-19 17:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Төв аймгийн Батсүмбэр суманд буй зарим зөгийн аж ахуйн ажилтай танилцлаа.

 

Анх ХХААЯ-ны сайдын тушаалаар 1958 оны 12 дугаар сард Шаамарын жимсний станц байгуулан, зөгийн гэр, жааз болон бусад ойр зуурын хэрэглэлийг гараараа хийн, 1959 оны 5 дугаар сард Буриад, Улаан-Үдээс 10 бүл, нийт 20 бүл зөгийтэй зөгийн аж ахуйг эхлүүлж байжээ.


Монгол оронд зөгийн аж ахуй 1965-1990 онд эрчимтэй хөгжиж, зах зээлийн шилжилтийн үед 1993 оноос буурч, 2002 оноос дахин сэргэсэн байна. 1983 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 304 тогтоолоор Шарын гол дахь зөгий үржлийн ферм, зөгийн сууриудыг нэгтгэн, зөгий  үржүүлгийн газрыг байгуулсан байна. 1983 онд 800 бүл зөгийтэй байсан зөгийн аж ахуй одоогоор 850-аад зөгийчин өрх, 15 мянган бүл зөгийтэй болтлоо өргөжжээ.  Эдгээрээс томоохон аж ахуйн нэгжүүдийг дурдвал: Мон Апи кластер 10 аймгийн 17 суманд байдаг 38 зөгийн аж ахуйг, Их Аураг Орд ХХК 40 аж ахуйн нэгжийг нэгтгэн ажилладаг бол Пермакультур хөгжил ХХК 220 бүлтэй байна. Нэг бүл 20-30 мянган зөгийтэй байдаг.

 


Дотоодын зөгийн балын 20-иод хувь нь таримал ургамал буюу рапс, гурвалжин будааных, 80 гаруй хувь нь байгалийн зэрлэг цэцэгсийн бал байдаг, нөгөө талаар далайн түвшнээс өндөр байрлах цаг агаарын онцлог, ургамлын тархацтай холбоотой монгол зөгийн бал антиоксидант чанараараа бусад орны зөгийн балаас давуу болохыг судалгаагаар тогтоосон байна.

Жилдээ ойролцоогоор 300 гаруй тонн зөгийн бал хурааж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна БНСУ болон Япон зэрэг оронд бага хэмжээгээр экспортолж эхлээд байна.

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ, “Хүний оролцоогүйгээр байгалийн тэнцвэртэй эко системийг бүрдүүлдгээр нь зөгийн аж ахуйг байгалийн эмч гэж нэрлэдэг. Та бүхэн хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна байгаль орчиндоо маш эерэг үр нөлөө үзүүлж байгаад талархаж байна.

Өндөр уулын бүсэд таримал бус байгалийн олон цэцгээс түүсэн антиоксидантаар баялаг монгол зөгийн бал тун удахгүй экспортын шинэ брэнд болох цаг ойрхон байна.

Монгол орны нөхцөлд хоёр сая хүртэл зөгийг үржүүлэх бололцоотой гэдгийг эрдэмтэд батлан хэлдэг. Цаашдаа зөгийн балны хэрэглээгээ нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ хангаад экспортлох өргөн боломж байна гэлээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерийн системээр хөгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн олон улсын төслийн хүрээнд “Зөгийн бал, техникийн  шаардлага” MNS6294:2019, “Зөгийн балын гарал, үүслийг тодорхойлох” үндэсний стандартыг шинээр батлуулснаар зөгийн балын чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцгээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балаас ялгах боломж бүрдэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


      


Холбоотой мэдээ