Монгол, Кувейт улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-18 14:01:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Кувейт улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сарын 17-нд тохиолоо. Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.


Сайд нар захидалдаа, өнгөрсөн он жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлж, улам бүр бататган ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолжээ.


Өнгөрсөн хугацаанд Кувейт улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Тайширын Усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт- Тариалангийн чиглэлийн нийт 415 км авто замын ажлыг гүйцэтгэсэн байна. Одоо тус улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлэг барих, Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна.


Баярын захидлыг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн Туслах сайд Али Сулейман Аль-Саидад гардуулав.

Холбоотой мэдээ