Ардчилсан нам олонх болбол Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-15 13:17:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилдсан нам олонх болбол шинээр байгуулах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо өнөөдөр зарлалаа. 


УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд Ардчилсан нам 21 аймаг, 9 дүүрэгт хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй байгаа гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Цар тахал, сонгууль зэргээс хамаарч эдийн засгийн асуудал орхигдлоо. Мөн улс орны гадаад нэр хүнд унасан. Тухайлбал, хар тамхи, саарал жагсаалт, санхүүгийн зээлжих зэрэглэл буурсан. Гадаад, дотоодын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх нь зохистой вэ гэдгийг Ардчилсан нам хэлэлцэж, Р.Амаржаргалыг томилох санал гаргасныг намын удирдлагууд санал нэгтэй дэмжсэн" хэмээв. Мөн энэ долоо хоногт дараагийн байгуулах Засгийн газрын бүтцийг танилцуулна гэдгээ тэмдэглэв.

Холбоотой мэдээ