А.Эрдэнэцогт: Зоорьтой бол зоргоороо тариалмаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-15 10:01:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэд ногоочдын холбоо байгуулан бизнесээ өргөжүүлж, зах зээлд бүтээгдэхүүнээ нэгдсэн журмаар нийлүүлдэг болжээ. Ногоочдын санаачилгыг сумын Засаг дарга дэмжиж, зээл олгох, төсөл хөтөлбөрт хамруулах ажил хийж байна. Энэ жил тус сум 56,36 га-д төмс, 38,6 га талбайд хүнсний ногоо тариалжээ. Ногоочдын холбооны дөрвөн бүлэгт сум хөгжүүлэх сангаас 52,0 сая төгрөгийг зээл олгож, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжсэн байна. Тус сумын Засаг дарга болон зарим ногоочидтой уулзаж ярилцлаа.

Сэлэнгэ сумын ногоочдын холбооны тэргүүн Ц.Цэнгэлтуяа:

- Хуучин Ингэттолгойн сангийн аж ахуй гэж байхад ногоочид гэж байсан. Зах зээлийн эхэн үед газраа эзэмшээд тараад явсан. Тус тусдаа төмс, хүнсний ногоо тариалж байсан хүмүүс нэгдэж ногоочдын холбоо байгуулсан. Ногоочдын холбоог сум, орон нутаг их дэмжиж байна. Янз бүрийн төсөл арга хэмжээнд хамруулна. Сум хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлдэг. Ногоочдын холбооныхон дотроо бүлгийн зохион байгуулалттай. Энэ жилээс хуримтлалын сантай болсон.

Манайхан төмс, хүнсний ногоо тариалж байна. Хүнсний ногооны хувьд байцаа, сонгино, лууван, манжин гээд бараг бүх төрлийг тарьдаг.

          - Төмс, хүнсний ногооны үрээ яаж хангаж байна вэ? Шинэ сортынх уу, өөр орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг тариалж байна уу?

- Төмсний үрийг гурван жилд нэг удаа шинэ сортоор сольдог. Аль болох хол газраас шинэ сортыг авах сонирхолтой байдаг. Өнгөрсөн онд Төв аймгаас төмсний гала сортын үр авчирч тариалсан. Энэ жилийн хувьд ногоочид бүгд төмсний үрээ шинэчилж сольсон.

Саримс нутагшуулж тариалж байна. Завханы улаан саримс тариад үрээ авчихсан. Энэ жил ургацаа зах зээлд гаргана. Цагаан саримс тариад хоёр жил болж байна. Х.Гарнов агрономич саримсны нэг кг үр өгч бид тариалсан. Манайд монгол саримсны үр 30,0, улаан саримсынх 10 кг байна. Тариалалт хийсэн. Борлуулалт сайн байдаг болохоор санаа зовдоггүй.

- Бүтээгдэхүүнээ яаж борлуулж байна вэ?

- Төмс, хүнсний ногоог сумандаа сургууль, эмнэлэг зэрэг байгууллага болон малчдад өгдөг. Мөн Орхон аймгийн зах зээлд борлуулна. Хүнсний ногооны худалдаачидтай түншилсэн. Ногоочдын холбооныхон ээлж ээлжээр бүтээгдэхүүнээ түншээрээ дамжуулан борлуулаад явдаг. Ер нь ченжийн гараар дамжиж хэрэглэгчид манай бүтээгдэхүүн хүрч байна.

Сортоо сайжруулаад байвал төмс борлуулахад санаа зовох зүйл байдаггүй.

Ногоочдын холбооы гишүүн А.Эрдэнэцогт:

-Бид нарын хүсч байгаа зүйл бол төмс, хүнсний ногоо хадгалах зоорь маш чухал байна. Ногоог тарьж ургуулахын хувьд боломжтой. Зах зээлд хягзаарлагдаад их тарьж чаддаггүй. Манайх 15 тоннын багтаамжтай зоорьтой. Зоорио дүүргээд үлдсэнийг борлуулдаг.

- Шинэ ургацын ногоог хадгалах зоорьгүй учир хөлдөж муудахаас нь өмнө борлуулах болно биз. Цаг хугацаа, зах зээлд хавчигдсан ажил болох нь.

- Тийм ээ. Намар төмс, хүнсний ногоогоо хөлдөхөөс нь өмнө борлуулах гэж их ажил болдог. Механикжсан том зоорьтой бол бид түрээс төлөөд төмс, хүнсний ногоогоо хадгалаад жилийн турш борлуулмаар байгаа юм. Гэтэл намар хямд борлуулчихдаг. Хавар өөрсдийнхөө хөрсөнд тарьсан ногоо байхгүй болдог.

Улаанбуудайн урамшуулал гэж улсаас мөнгө өгдөг. Тэрэн шиг ногоочдыг дэмжих хэрэгтэй. Дэмжихдээ зоорь агуулахаар л хангамаар байна. Зоорьтой бол хүнсээ зоргоороо тариалж болмоор байна.


Сумын Засаг дарга Ш.Насандулам:

-Төр бол иргэн хүндээ ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Орон нутагт ямар боломж, нөөц, баялаг байна, тэрийг ашиглаж амьдрах ямар нөөц байна гэдгийг судалсан. Тэгээд хүний хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг зэрэгцүүлж тооцсоноор орон нутагт олон төрлийн амьжиргаа дэмжсэн ажил хийж болохоор санагдсан. Газар түшсэн, мал дагасан, ойн сан, түүний баялгийг түшсэн ажил амьдрал байж болох юм гэсэн санааны үүднээс сумын хэмжээнд хоёр том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр нь “Амьжиргаа дэмжих хөтөлбөр”, “Амьдралын чанарыг сайжруулах хөтөлбөр” юм. Энэ хүрээнд ногоо тарих, ялангуяа газар тариалан эрхэлдэг уламжлал байна. Түүнийг дагуулж амьжиргааг дээшлүүлэх бодлого гаргасан. Хүмүүс ганц нэгээрээ ногоо тарихын оронд хүн бүрт тулгарах асуудал адил учраас холбоо бүлэгт хамруулан үйллдвэрлэл эрхлүүлж эхэлсэн. Ногоочдын холбоо байгуулаад сум хөгжүүлэх сангийн зээлийг өгч байна. Холбоо нь тухайн хүний газрын хэмжээ, тариалах чадвар, өөрийнх нь хүсэлд нийцүүлээд зээлийг хувааж олгодог.

Иргэд нэгдэж зах зээлд гарах боломжтой учир холбоо байгуулж үйл ажиллагаа хоршиж, хамтран ажиллаж байна.

Мөн төрийн мэдлийн газар төмс, хүнсний ногоо тариалах эрх өгчихсөн. Иргэд ногоо тариад хүнсэндээ хэрэглэж болно. Хүсэл сонирхол болон үйлдвэрлэл эрхлэх боломжгүй болсон үед дараагийн хүмүүс тэр газар дээр үйлдвэрлэл эрхлээд явах боломжтой байдлаар зохицуулж байна.

Холбоотой мэдээ