Есөн тусгай нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-11 14:06:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, хилийн чанадад байгаа 2300 орчим иргэнээ есөн удаагийн нислэгээр татан авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. 


Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу хилийн чанадад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар шуурхай зохион байгуулж байна. Зургаадугаар сар гарснаас хойш Австрали, БНКУ-д байгаа иргэдээ татан авсан бол өнөөдөр Япон улсад байгаа иргэдээ татан авах тусгай онгоц хөөрсөн. 


Авсрали улсын ЭСЯ болон Рио тинто компанийн хүсэлтийн дагуу энэ сарын 6-нд Австрали улсаас  иргэдээ татан авсан онгоцоор Рио тинто компанийн инженер, техникийн ажилчдыг тус улсад хүргэж өгснийг Шадар сайд мэдээллийн үеэр дурдав. Тус улсаас 262 монгол иргэн эх орондоо ирсэн юм. Мөн өчигдөр БНКУ-аас 175 монгол иргэнээ тусгай нислэгээр татан авсан бол Япон руу өнөөдөр ниссэн онгоцоор 260 орчим иргэн ирнэ. 



Үргэлжлүүлэн Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-ын шийдвэрийн дагуу цаашид хилийн чанадад байгаа иргэдээ татан авах тусгай нислэгийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, энэ сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу тусгай нислэг явуулж тус улсад байгаа бурхны шашны сургуульд сурч буй бага насны хүүхэд, ламхай нарыг татан авахаар болсныг тэмдэглэлээ. Тэрбээр, "Үүний өмнө Энэтхэг рүү ниссэн тусгай онгоц нь Шинэ Дели хотод газардсан. Тус хотоос 2500 км алс хотод амьдарч байгаа ламхай нарыг татан авахад олон хот мужаар дайрах тул эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс ламхай нарт илүү ойртож Гоа хот руу тусгай онгоц явуулахаар болсон. Нийт 256 иргэнээ татан авна. Замаараа Лаост бууж 10 монгол иргэнийг мөн татан авахаар болсон" хэмээв. 


Мөн энэ сарын 17-нд БНСУ-ын Сөүл хотод транзит нислэгээр ирсэн иргэдээ татан авахаар шийдвэрлэснийг танилцууллаа. Ингэхдээ БНСУ-д байгаа иргэдтэй холихгүй гэдгийг сануулав. Харин энэ сарын 18-нд БНСУ-д байгаа иргэдээ татан авах тусгай онгоц Улаанбаатар-Сөүл чиглэлд хөөрнө гэдгийг тэмдэглэв. 


Түүнчлэн энэ сарын 19-нд Франкфурт хот руу нисэж Европт байгаа 260 орчим иргэнээ татан авах юм. 


УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, АНУ руу тусламж хүргэхээр энэ сарын 21-нд явах тусгай онгоцоор мөн тус улсад байгаа иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн гэдгийг тодотгов. 


Үүнээс гадна энэ сарын 20-нд Зүүн өмнөд Ази руу тусгай онгоц нисгэхээр судалж байгаа дуулгав. Нийт энэ сард есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна гэдгийг онцлов. 


Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ аль болох олноор нь татан авахыг эрмэлзэж буйг тодотгоод, онгоц, нисэх баг, тусгаарлах байр, эмч ажилчдын хүрэлцээ бэрхшээл дагуулж буйг тэмдэглэв. Гэхдээ нөөц боломжийнхоо хэрээр иргэдээ татан авах ажлыг тасралтгүй үргэлжлүүлнэ хэмээлээ. 


Манай улс нэгдүгээр сарын 10-наас хойш автобус, галт тэрэг, тусгай онгоцоор нийт 63 мянган иргэнээ эх оронд нь татан авчээ. Үүнээс тусгай онгоцоор татан авсан иргэн 9500 орчим болж байна. 

Холбоотой мэдээ