Багш, ажилтнуудад зориулсан орон сууц барина

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-03 17:49:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дэргэд 35 айлын орон сууцны барилга барьж байна.

Тэртээ 1973 онд ашиглалтад орсон ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчдын дотуур байрыг тус сургуулийн багш, ажилтнууд 2007 онд хувийн эзэмшилд авч, 17 айлын орон сууцны зориулалтаар ашиглаж байсан. Харин 2019 оны хавар аймгийн МХГ-аас уг барилгын ашиглалтын хугацаа дууссан гэх дүгнэлт гаргажээ.

Иймд оршин суугчид тус барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай санал хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад уламжилсан байна. Ингээд тус газрыг чөлөөлж, дахин төлөвлөлт хийх эрх олгож, дэд бүтцийн асуудлыг нь шийдэхэд хамтран ажиллажээ.

Үүний үр дүнд ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дэргэд 35 айлын орон сууц бүтээн босгож буй. Тус барилгын ажлыг “Асьфа констракшн” ХХК-ийн хамт олон гүйцэтгэхээр болжээ. Улмаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 03-нд  барилгын шав тавих ёслол зохион байгууллаа.

Тус компани сургуулийн багш, ажилтнуудад зориулан энэхүү орон сууцныхаа  м.кв тутмыг зах зээлийн үнээс хямд буюу нэг сая төгрөгөөр худалдахаар төлөвлөсөн гэнэ. Энэ нь боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд онцолсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ