Хөнгөн үйлдвэрийн хүний нөөцийг чадавхжуулах хоёр сургалтын төвийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-03 17:38:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/, ХХААХҮЯ хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "SECiMC 2” төслийн хүрээнд "Аж үйлдвэрлэлийн ирээдүй”, "Сүлжмэлийг гүйцэтгэн боловсруулах инкубатор" цахим-танхим хосолсон 2 сургалтын төвийг өнөөдөр нээлээ. 


Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхжуулж олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой уг сургалтын төвүүдийг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно корпорац болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнг түшиглэн байгуулжээ.


Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлж, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого төдийгүй чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь чухал ач холбогдолтойг салбарын сайд нээлтийн үеэр тэмдэглэв. 


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Манай улсын нийт ажиллагсдын 55 хувь, газар нутгийн 70 гаруй хувийг хамардаг ХХААХҮ, тэр дундаа арьс шир, ноос ноолуурын салбарт нөөц бололцоо асар их байгаа ч бид үүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Малчдын нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөх нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг. Нэг жишээ татахад, манай улс жилдээ 20 сая малын эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үүнээс 20 сая арьс шир, 20 мянган тонн ноос, 10 орчим мянган тонн ноолуур гарч байгаа гэсэн үг. Энэ үнэтэй түүхий эдийг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх боломж байна. Энэ ажлыг зөвхөн бодлого тодорхойлоод хэрэгжүүлэх бус боловсон хүчнийг бэлтгэж, шинжлэх ухааны ололт, инновацад суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ХХААХҮЯ-ны дэргэд хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ, сургалтын төвийг шинээр байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой" хэмээлээ.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траяан Лауренцю Христеа, "Монгол Улсын төсвийн менежментийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд Европын Холбоо ихээхэн анхаарч ирсэн. Бүх салбарт хөдөлмөр эрхлэлтийг тогтвортойгоор дэмжихгүйгээр эдийн засгийг төрөлжүүлэх боломжгүй. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн "SECiMC 1" төслөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг боловсронгуй болгоход анхаарсан бол "SECiMC 2" төслөөр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах зорилгоор TRAM төслийн амжилттай хэрэгжүүлж байна. Европын Холбооноос Монгол Улсын төсөвт дэмжлэг болгон олгох 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж энэ гурван төслийн сайн туршлагыг нутагшуулж, үр дүнг бататгана гэдэгт итгэлтэй байна" гэв.


Монгол Улс 1970 онд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын 1,1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн АРМОНО корпорацыг байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш тогтвортой, хамтын оролцоотой аж үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн тус байгууллагын 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон төлөөлөгчид дурсгалын мод тарилаа.


Холбоотой мэдээ