“COVID-19” халдвар хүндрэх эрсдэлийг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-28 13:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Луйзиана муж улсын Анагаахын их сургуулийн судлаачид таргалалт, илүүдэл жингээс болж африк гаралтай америкчууд COVID-19-ийн хүндрэлээр нас барах эрсдэл ихтэй байна гэж дүгнэжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, судлаачид судалгааныхаа дүгнэлтийг Glances сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд COVID-19-өөр нас барсан 10 хүний биед задлан шинжилгээ хийхэд уушги тэжээгч судаснууд нь бөглөрсөн байсныг тогтоосон байна. Мөн нас барсан өвчтөнүүд бүгд цусны даралт ихсэх, чихрийн шижин, хэт таргалалт зэрэг суурь өвчтэй байсан бөгөөд уушгины жижиг, хялгасан судаснууд бөглөрч, улмаар цус алдаж үхэлд хүргэсэн гэж тогтоожээ.

"COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна. Өөхний эд эс нь угаас биед үрэвсэл явагдах процессыг идэвхжүүлдэг. Үүн дээр нэмээд COVID-19-ийн халдвар авсан тохиолдолд үрэвсэл улам ихээр явагдаж, цус өтгөрч бөөгнөрөл үүсэхэд нөлөөлж байгаа гэж судлаачид дүгнэжээ. Магадгүй энэ нь АНУ, Их Британи зэрэг улсад COVID-19 халдварын улмаас хар арьстнууд илүү их нас барж байгаагийн шалтгаан байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Мөн АНУ-д халдвартай өвчтөнийг эмчилж буй эмч нар, дээрх төрлийн суурь өвчтэй хүмүүст цус өтгөрч, судас бөглөрөх тохиолдол элбэг байгаа тухай мэдээлж байна. Үүнтэй холбоотой зарим судалгааны урьдчилсан дүнг харахад, ийм тохиолдлуудад цус шингэлэх эмчилгээ давхар хийх нь үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ