Их Британийг зорин ирсэн иргэдийг 14 хоногийн хөл хорионд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 12:20:24

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний дэгдэлттэй тэмцэх зорилгоор Их Британийн эрх баригчид 6 дугаар сарын 8-наас эхлэн хилийн чанадаас ирж буй иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэмд хамрагдахыг үүрэг болгоно хэмээн Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател баасан гарагт мэдэгджээ. Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэд 1000 фунт стерлингийн торгууль төлөх аж.


Иргэд өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд тархвар судлалын албаны төлөөлөгчид гэнэтийн шалгалт хийх юм байна.Зургадугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх энэхүү шинэ дүрэм журам нь гадныхан төдийгүй эх орондоо эргэн ирж буй иргэдэд үйлчлэх аж.


Их Британид өнгөрсөн хоногт коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 351-ээр нэмэгдэж, 36393 болжээ.


Цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд нисэх онгоц, хөлөг онгоц, галт тэргээр Их Британийг зорин ирж буй бүх хүн мөн эрүүл мэндийн талаарх болон холбоо барих мэдээлэл, өөрийгөө тусгаарлах дэглэмийн үеэр хаана байрлах талаар мэдээллийг тусгасан маягтыг бөглөх ёстой аж.


Өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж мөрдөхөөс татгалзсан иргэдийг албадан хөл хорионд байлгах юм байна. 

Холбоотой мэдээ